МАХН-ын удирдлагууд Хэнтий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-13 17:29:43
Хэнтий /МОНЦАМЭ/. МАХН-ын “Өөр гарц байна” Шинэ үндсэн хуулийн төслийн танилцуулга, “Баярлалаа” уулзалт, аян Хэнтий аймагт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд боллоо.

Аяны хүрээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга Б.Тулга, Н.Удвал нар хүрэлцэн ирсэн юм.

Тус намын удирдлагууд Хэрлэн сумын багууд, 8 дугаар цэцэрлэг, МСҮТ, Хан Хэнтий цогцолбор сургууль, худалдаа үйлчилгээний төв, захуудаар зочлон, багш нар, иргэд үйлчлүүлэгчидтэй уулзлаа. Мөн Мөрөн сум болон Өлзийт, Тахилгат тосгодын намын гишүүд, идэвхтэн дэмжигчидтэй уулзан, санал солилцов.

Энэ үеэрээ Монгол эмээлийн үзэсгэлэн, 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Унага тамгалах ёслол”-ын үйл ажиллагаанд МАХН-ын удирдлагууд, Вьетнам, Кубын Элчин сайдууд оролцов. “Унага тамгалах ёслол”-ыг Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хотонд хийлээ. Цаашид Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлж, “Унага тамгалах ёслол”-ыг нутгийн брэнд баяр болгон олонд таниулах зорилготой байгаа талаар Хэнтий аймгийн МАХН-ын түмтийн дарга С.Ононбаяр ярьж байлаа. Мөн ёслолд оролцсон элчин сайдууд Чингис хааны өлгий нутгийг Монгол Улсын нийслэл болгон хөгжүүлэх талаар санал гаргасан байна. 
Д.Одонтунгалаг
Related news