Өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-12 17:02:08
Хэнтий /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-20-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнуудад зориулсан сургалтыг Хэнтий аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Тус сургалт нь эрүүгийн хуульд заасан хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлэх, тухайн гэмт халдлага эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Сургалтыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газар, Хуульчдын нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо, Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс зохион байгуулж байгаа юм.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх гэмт хэргийн ойлголт, гэмт хэрэгт холбогдохгүй, өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалтыг Монголын Хуульчдын холбооны Хэнтий аймаг дахь салбарын зохицуулагч, аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн Б.Болортунгалаг удирдан явуулж байна.

Цаашдаа тэрбээр ГХУСАЗСЗ-ийн гишүүнийхээ хувиар хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдтэй уулзаж, сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
 Д.Одонтунгалаг
Related news