Хэнтий нутгийн авъяаслаг урчууд ойн баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн Зураач, урчуудын холбоо хамтран “Орон нутагт Монголын урчуудын эвлэлийн салбар байгуулагдсаны 70 жилийн ой”-н баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Баярын арга хэмжээний нээлтэд тус аймгийн удирдлагууд, Монголын урчуудын эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн, зураач А.Ариунболд, Хэнтий аймгийн зураач урчуудын холбооны тэргүүн, МУЭХ-ны гишүүн зураач Д.Батхуяг, Хэнтий аймгийн урчуудын эвлэлийн салбарыг үндэслэн байгуулагч МУЭХ-ны гишүүн, ахмад зураач Б.Төмөр, МУЭХ-ны гишүүн зураач Ж.Нанзаддорж нар оролцлоо.
Энэ үеэр Монголын орчин үеийн дүрслэх урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан зураач Б.Батжаргал, Д.Ганболд нарыг МУСТА цол тэмдгээр, Ц.Дашдорж, Б.Батбилэг нарыг “Хан Хэнтийн алдартан” цол тэмдгээр, Ю.Гангансайхан, П.Туяа нарыг аймгийн ИТХ-ын “Хүндэтгэл”-ээр, Л.Төмөр, Н.Шархүү, Ц.Бадамрагчаа нарыг МУЭХ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр, МУЭХ-ны гишүүн зураач Б.Оюунтамирыг БСШУСЯ-ны “Хүндэт жуух” бичгээр тус тус шагналаа.
Энэ жил Монгол Улсад дүрслэх урлагийн байгууллага, Монголын Урчуудын Эвлэл байгуулагдсаны 75 жил, Орон нутагт Монголын урчуудын эвлэлийн салбар байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд “Хан Хэнтийн гар урчууд” ном бүтээж, “Хан Хэнтийн зураачид-70” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Д.Одонтунгалаг