Мал эмнэлгийн зориулалтаар ашиглах зөөврийн хашааг сумдад хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-08 10:15:26
Хэнтий /МОНЦАМЭ/. Малын өвчлөл их байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн удирдлагуудаас тавьсан хүсэлтийн дагуу Мерси Кор Олон улсын байгууллагаас 6 сумын Мал үржлийн тасагт мал эмнэлгийн зориулалтаар ашиглах зөөврийн хашааг хүлээлгэн өглөө.
 
Нэг бүр нь 1,1 сая төгрөгийн өртөгтэй энэхүү малын хашааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн харьяа Гамшигт нэрвэгдсэн Гадаад Орнуудад тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр Мерси Кор ОУБ-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулахад Уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” /LTS2/ төслийг хэрэгжүүлдэг Галшар Баянмөнх, Баянхутаг, Дэлгэрхаан, Дархан Бор-Өндөр гэсэн зорилтод 6 суманд олгож байгаа юм байна.
 
Уг арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Европын холбооны Хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгаалалт хариуцсан албаны төлөөлөгч Роман, Пин ОУБ-ын суурин төлөөлөгч Дион, зөвлөх Кюүнтин, Мерси Кор ОУБ-ын хөтөлбөрийн захирал Э.Энхцэцэг, LTS2 төслийн менежер Б.Энхтуяа нар оролцож, дээрх сумдын төлөөлөлд малын хашааг олгох батламжийг гардуулан өглөө.

Мерси Кор ОУБ-аас өнгөрсөн жил зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 5 суманд цас ханзлагч дальпуг, 29 малчин өрхөд малын хашааг олгож байжээ. Цаашдаа дээрх 6 сумаас гадна өнгөрсөн өвөл цас зуд ихтэй байсан Хэрлэн, Батноров, Норовлин, Баян-Овоо сумдад LTS2 төсөл хэрэгжихээр болсон байна.
Д.Одонтунгалаг
Related news