Энэ хичээлийн жилд 1600 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-05 11:00:50
Хэнтий /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Хэнтий аймгийн хэмжээнд 26 сургуульд 15 мянга гаруй хүүхэд суралцаж байгаагийн дотор 1600 гаруй хүүхэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн оржээ.

Харин 9 дүгээр ангид 1279 хүүхэд элсэн суралцаж, 12 дугаар ангийг 997 хүүхэд төгсөх юм байна.

Өнгөрсөн 2016-2017 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газар,  Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас Хэнтий аймгийн боловсролын салбарт 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Үүний үр дүнд Хэнтий аймгийн боловсролын салбар улсдаа 5 байраар урагшилсан амжилтыг гаргажээ. Энэ хичээлийн жилд боловсролын салбарт мөн л томоохон хөрөнгө оруулалт хийгдэх ба Үндэсний лаборатори 1-р сургуулийн дотуур байрны их засварын ажил шийдэгдсэн таатай мэдээг орон нутгийн удирдлагууд нээлтийнх нь үеэр дуулгалаа. Ингэснээр хөдөө орон нутгаас шилжин ирж, суралцаж байгаа хүүхдүүдэд сурч боловсрох, амьдрах таатай орчин нөхцөл нэмэгдэх юм. Тус сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 2450 сурагч, 140 багш ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүлж байна.

Мөн энэ жил цэцэрлэгийн насны 5100 орчим хүүхэд үндсэн сургалтад хамрагдаж байгаа тухай Хэнтий аймгийн БСУГ-аас мэдээллээ.
  Д.Одонтунгалаг
Related news