Аав хүү дасгалжуулагчдын амжилтын цуваа үргэлжилсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-11 13:39:04
Хэнтий /МОНЦАМЭ/. Аав хүү хоёр дасгалжуулагч аймаг, орон нутагтаа оюуны инженерийн спорт болох нисэх загварын спортыг хөгжүүлэх үйлсэд сэтгэл шулуудан шавь нараа бэлтгэж, оролцсон тэмцээн уралдаан бүрээсээ ганзага дүүрэн ирдэг уламжлал тогтжээ.

Тодруулбал, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын бүтээлч багш, магистр Л.Эрийнтовч 1978 оноос Нисэх загварын спортоор хичээллэж, Хэрлэн 4 дүгээр сургуулийн зөвлөх багшаар ажиллаж байна. Түүний хүү Э.Лүндаажанцан мөн энэхүү спортоор сурагч хүүхдүүдийг хичээллүүлэн, амжилт гарган яваа Тэмүүжин цогцолбор сургуулийн багш юм.

Тэд хамгийн сүүлд Цонжин болдогт болсон “Азийн цом” олон улсын тэмцээнд шавь нараа оролцуулж, арвин амжилт гаргалаа. F1G буюу резинэн хөдөлгүүрт загварын чөлөөт нислэгийн төрлөөр Э.Лүндаажанцангийн дасгалжуулсан Тэмүүжин цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн сурагч А.Мөнх-Ундрах тэргүүн байранд шалгарч, алтан медаль хүртжээ. Мөн уг төрөлд Л.Эрийнтовч багшийн шавь Хэрлэн 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Хосбаяр хүрэл медаль, F1P буюу хугацаат нислэгийн төрөлд Хэрлэн 4 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Хатансайхан алтан медалийн эзэд болсон байна. Энэ жилийн тэмцээнд БНХАУ, Хойд Солонгосын тамирчид хүчтэй өрсөлдөгчид байсан аж.

Зургаан орны 100 гаруй тамирчин оролцсон “Азийн цом” тэмцээнийг Дэлхийн агаарын спортын холбооноос “Дэлхийн цом” нэртэйгээр жил бүр зохион байгуулдаг  юм. 
 Д.Одонтунгалаг
Related news