Газар тариалангийн салбарт сургагч багш нарыг бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. "Хэнтий аймгийн газар тариалангийн салбар дахь Иргэний Нийгмийн байгууллагууд (ИНБ) болон нутгийн удирдлага хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэх сургалт энэ сарын 9,10-нд болж өндөрлөлөө.
Сургалтыг “Geres” Франц улсын байгууллага, “Каритас Чех” Олон улсын байгууллага, болон Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо (МХААХҮХ) хамтран зохион байгууллаа.
Уг төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудын орон нутгийн хөгжлийн санаачилга, шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлага болон тариаланчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, аймгийн хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Сургалт “Ногооны фермийн системийг глобал үнэлгээгээр үнэлэх, Техник оношилгоо хийх, Цэцэглэлтийн үед тайралт хийх сойх гэсэн гурван сэдэв дор үргэлжилж, сургагч багш агрономч Д.Энхчимэг, Гиюами Тоати нар удирдлаа.
Д.Одонтунгалаг