Д.Цогт-Эрдэнэ: Бүжгийн урлагийн төлөөх зорилго мөрөөдөлд минь хязгаар үгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Урлаг хэмээх гэгээн ертөнцийн нэгэн эд эс болж, тэр дундаа бүжгийн урлагийг хөгжүүлэх их үйлсэд өөрийн хүч оюунаа чилээж яваа эрхэм бол Хэнтий аймгийн Гал бичин жилийн “Оны алдартан”, Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгын бүжиг ангийн багш, бүжиг дэглээч, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Дашдоржийн Цогт-Эрдэнэ юм. Түүний хувьд бүжгийн урлагт хүүхэд ахуй наснаасаа хөл тавьж, түүнээс хойш 20 гаруй жил урлагтай нөхөрлөн, олон шилдэг уран бүтээлийг тайзнаа амилуулж, олонд түгээж яваа хөдөлмөрч нэгэн билээ. Хэнтий аймгийн гал бичин жилийн “Оны алдартан” шалгаруулах арга хэмжээнд нийт 18 салбарын 42 хүн нэр дэвшсэнээс 5 шалгуур үзүүлэлтийн дүнгээр “Оны 9 алдартан”-ы нэг болж, урлаг соёлын салбараас тодорсон Д.Цогт-Эрдэнэ багштай уулзаж, түүний ажил амьдрал, хүсэл мөрөөдлийнх нь тухай ярилцаж, бүжгийн урлагийн тухай бодол сэтгэгдлийг нь сонслоо.
-Таны хувьд бүжгийн урлагт хүчин зүтгээд хэдий нь 20 гаруй жилийг ардаа орхисон байна. Танай удамд бүжигчин хүн байдаг уу?
-Миний эцэг эх хэдийгээр төрийн албан хаагчид байсан ч гэсэн урлагт элэгтэй хүмүүс. Аав ээж маань бригадаар урлагийн тоглолт үзүүлж хөдөөгөөр их явна. Тэр үеийн гэр бүлүүдийн хүмүүжил, хүмүүсийнх нь хандлага их сайхан байж. Намайг урлагийн хүн болоход миний аав ээж их нөлөө үзүүлсэн гэж боддог. Миний эгч МУСТА Д.Оюунчимэг Хан Хэнтий чуулгын бүжигчнээр 25 жил ажилласан хүн байдаг юм. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм даа. Нэг мэдэхэд л 20 жил болсон байна шүү.
-Яагаад бүжгийн урлагийг сонгох болсон юм бэ?
-Би их багаасаа бүжгийн урлагт татагдсан хүн л дээ. Миний төрсөн эгч Д.Оюунчимэг хүүхэд байхад минь Хан Хэнтий чуулгын бүжигчнээр ажилладаг байлаа. Эгчийнхээ ажлаар орж гарч, Хан Хэнтий чуулгын орон тооны ажилтан шиг явсаар нэг л мэдэхэд энэ байгууллагын албан хаагч болсон доо. 1997 онд 10 жилийн сургуулиа төгссөн даруй Хан Хэнтий чуулгын бүжигчнээр ажиллах болсон. Өөр мэргэжил сонирхож байгаагүй. Эргэлт буцалтгүй энэ урлагийг сонгох болсон шалтгаан минь бүжиг өөрөө юм даа. Тэр үед дуучин Батболд, морин хуурч Болорбат, бүжигчин Батмөнх гээд нэг үеийн залуучууд чуулгын тайзнаа ажиллаж байлаа.
-Бүжгийн урлагийн А үсгийг заасан анхны багш тань хэн бэ?
-Би хүүхэд байхдаа Алдарт бүжиг дэглээч, УГЗ Д.Санжаасүрэн багшаар бүжиг заалгаж, улсын тэмцээнд оролцож байсан удаатай. Миний аав Д.Санжаасүрэн багштай найзууд байсан л даа. Дараа нь Хан Хэнтий чуулгадаа ажиллах болж, МУСТА Ц.Оюунбаатар багшийнхаа гарын шавь болж байлаа. Сүүлд СУИС-д суралцах болж, Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын бүжиг дэглээч Д.Баярбатын шавь болж явсан үе бий.
- Таныг Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад бүжигчнээр ажиллаж байсан гэж сонссон юм байна?
-Тийм ээ. Хан Хэнтий чуулгадаа 2 жил гаруйн хугацаанд ажиллаад, Соёл урлагийн их сургуульд суралцахаар нийслэлийг зорьсон. 4 жил бүжиг дэглээч мэргэжлээр суралцах хугацаандаа УДБЭЧ-ийн бүжиг дэглээч Д.Баярбат багшийн шавь болж, оюутан байх хугацаандаа энэ чуулгад ажиллаж байлаа. Тэр үе миний амьдралд олон сайхан дурсамжийг үлдээсэн дээ. Бүжгийн гайхамшиг гэдгийг тэнд мэдэрч, хөглөгдөж байсан. Ер нь тэндээ ажиллана гэсэн бодолтой байсан боловч Ц.Оюунбаатар багш маань нутагтаа ирж ажиллах санал тавьж, аав ээж маань ч нутагтаа ажиллаж амьдрахыг зөвлөсөн учраас нутгаа зорьж ирсэн. Нутагтаа ажиллаж амьдрахаар шийдсэндээ огтхон ч харамсдаггүй юм. Нутаг минь надад ээлээ өгсөн гэж боддог.
- Оюутан үеийн сайхан дурсамжуудаасаа хуваалцаж болох уу?
-Тэгэлгүй яахав. Хүний амьдралын хамгийн сайхан үе оюутан нас гэдэг биз дээ. Би оюутан болоод урлагт тэр дундаа бүжгийн урлагт илүү ихээр дурласан. Тэр үед дуучин С.Сэрчмаа, “Эмоушн” хамтлаг гээд бидний үеийнхэн урлагт жинхэнэ гялалзаж байсан үе шүү дээ. Тэр үед ангиараа тоглолтын ард бүжиглэнэ, хошин шогийн продакшнуудын ард бүжиглэнэ. Жинхэнэ залуу насныхаа ид хаваар гайхуулж, дүрэлзэж яваа насыг минь бүжиг улам бадрааж хөглөсөн гэхэд болно.
- Хан Хэнтий чуулгаас төрсөн урлагийн олон сайхан гэр бүлүүдийн нэг нь танайх. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Тиймээ. Миний хань МУСТА, Хан Хэнтий чуулгын гоцлол дуучин П.Оюунтуяаг Хэнтийчүүд андахгүй таних байх. Бид 2001 онд гэр бүл болж байлаа. Хань маань Улаанбаатар хотын уугуул хүн л дээ. Бид хоёр багаасаа л урлагаар явж, урлагийн байгууллагад танилцаж учирсан азтай хүмүүс. Гэргийтэйгээ нэг дор, нэг салбарт хамт ажиллах үнэхээр сайхан. Манайх 4 хүүхэдтэй өнөр гэр бүл. Хань маань энэ жилийн эх үрсийн баярын босгон дээр “Алдарт эх”-ийн 2-р одонгоор энгэрээ мялаасан сайхан үйл явдал тохиосон. Энэ дашрамд миний ар тал, түшиг тулгуур минь болж байдаг аав ээждээ, хайртай ханьдаа, үр хүүхдүүддээ талархаж явдгаа илэрхийлье.
- Бүжгийн урлаг хэмээх энэ бүхэл ертөнцийг та юу гэж дүгнэх бол?
-Бүжгийн урлаг гэдэг гайхамшигтай хэрнээ хүнд хэцүү урлаг юм шиг санагддаг. Энэ урлагт хэн хатуужилтай, тэвчээртэй нь үлдэж, ялагдсан нь орхидог. Хамгийн сайхан нь гэвэл хүний залуу насны урлаг юм шүү дээ. Бүжгээс болж насан туршдаа бүжиглэж чадахгүйгээр гэмтэхээс эхлүүлээд бэрхшээлтэй тал олон. Харин цөхрөлтгүй тэмцэж чадсан нь бүжгийн урлагийн мөн чанар, гоо үзэсгэлэнг илүү ихээр мэдэрдэг болов уу гэж боддог.
- Таны урын санд одоогоор тайзан дээр амилсан хэчнээн бүтээл байна вэ?
-Өнгөрсөн 20 жилд бүтээсэн миний өөрийн бүтээл гэвэл нэлээд хэдийг нэрлэж болно. Өдөр бүгд л шинийг оролдож байдаг хүн шүү дээ. Харин яг тайзан дээр амилсан бүтээл гэвэл 10 гаруй бүтээл байна. Үүний зэрэгцээ Монголын болон гадаадын бүжгийн урлагийн охь дээжсийг чуулгынхаа тайзан дээр амилуулсаар байна. Нэг шинэ бүтээлийг тайзнаа амилуулж, олон нийтэд түгээнэ гэдэг асар их хөдөлмөр, өртөг шаарддаг. Бүжигчдийн хөдөлмөр, хөгжим, бүжгийн хувцас гээд шинэ уран бүтээл түргэн хугацаанд төрөн гарахгүй байх асар олон шалтгаан хөшигний ард байдаг. Ирээдүйд Хан Хэнтий чуулгынхаа тайзан дээр дэлхийн сонгодгуудыг амилуулахыг хүсдэг.
- Хан Хэнтий чуулгын бүжиг ангийн сүүлийн 13 жилийн амжилт бүтээл тантай салшгүй холбоотой. Томоохон амжилтаасаа дурдвал?
- Манай бүжиг ангийн хамт олон хэзээнээсээ амжилт арвинтай, чадварлаг уран бүтээлчидтэй баг. Тиймдээ ч сүүлийн үед зохиогдож буй улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн дэд байруудад шалгарсаар байна. Манай хамт олон 2010, 2014 онд УГЗ, бүжиг дэглээч Д.Санжаасүрэнгийн нэрэмжит “Зүүн бүсийн аймгуудын театр, чуулгын мэргэжлийн бүжигчдийн уралдаант наадам”-д тэргүүн болон тусгай байр, 2012 онд Монгол Улсын АЖ, төрийн соёрхолт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн “Улсын III уралдаан”-аас Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээчийн шагналыг миний бие хүртэж, бүжиг анги маань цөөхүүл бүжгийн төрлөөр III байр, аймгуудын театр, чуулгуудын дунд зохиогдсон “Сонгодог бүтээл-2012” улсын уралдаанд “Бурхан Халдуны дуулал” их цэнгүүн, “Цөвүүн цагийн хяруу” дуулалт бүжгэн жүжгүүдээр оролцож дэд байр, Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн “Дуулалт бүжиг”-ийн улсын уралдаанд оролцож 3-р байр, Спорт бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож тусгай байр, ОХУ-ын Улаан-Үд Хотноо зохиогдсон “Международный конкурс балетмейстеров-постановщиков им Т.Е.Гергесовой” олон улсын уралдаант наадамд оролцож, миний дэглэсэн “Ташуур”, “Магардаан” зэрэг уран бүтээлээр “Гран-При” болон гэр бүлийн нэрэмжит шагнал, 2016 онд Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн “Улсын IV уралдаан”-д оролцож, тэргүүн дээд шагнал ГРАН ПРИ хүртсэн зэрэг олон арван амжилтыг гаргаад байна.
- Хэнтий аймгийн гал бичин жилийн “Оны алдартан”-аар шалгарсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Амьдралын маань мартагдахааргүй сайхан дурсамжуудын нэг гэж хэлж болно. Өнгөрсөн 2016 он манай бүжиг ангийн хувьд ээлээ өгсөн сайхан жил байлаа. Энэ ч утгаараа бид хойд хөрш ОХУ-ын хотуудаар аялан тоглолт, өмнөд хөрш хятад улсад айлчлан тоглолт хийж уран бүтээлийн дээжээ олон улсын үзэгчдэд хүргээд амжсан. Мөн дээр дурдсанчлан Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн “Улсын IV уралдаан”-д оролцож, тэргүүн дээд шагнал “ГРАН ПРИ” хүртсэн. Үүнээс гадна өсвөр үеийнхээ урлагийн боловсролд анхаарал хандуулж, “Урлагийн боловсрол-Хүүхэд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, ЕБС-ийн 1000 гаруй хүүхдийг хөтөлбөртөө хамруулаад байна. “Оны алдартан” гэдэг шагналыг би манай бүжиг анги, цаашлаад Хан Хэнтий чуулгын нийт хамт олны шагнал гэж ойлгож байгаа.
- Бүжгийн урлагийг нэгэн өндөр оргил гэвэл та аль хэсэгт нь яваа вэ?
-Бүжгийн урлаг гэдэг ертөнцөд бүрэн гүйцэд нэвтэрч чадахгүй. Би энэ урлагт 20 гаруй жил зүтгэж байгаа хэр нь өдөр бүр нэг шинэ зүйл сурч, ойлгож, нэвтэрч байдаг. Хэзээ ч суралцаж дуусахгүй тийм агуу ертөнц шүү дээ. Би өөрийгөө дөнгөж суралцаж яваа хүн л гэж хэлнэ.
-Шинэ бүжгийн хөдөлгөөн туурвихад хаанаас санаа авдаг вэ?
-Бүжгийн хөдөлгөөн бүр амьдралын эцэс төгсгөлгүй үргэлжлэх хэмнэлээс үүдэлтэй юм шүү дээ. Тийм болохоор аж амьдралаасаа санаа авдаг даа. Энд тэнд гүйж, алхаж, яарч яваа хүмүүс, тэдний огцом сонин үйлдлүүд гээд олон зүйлээс санаа авдаг. Бүжиг гэдэг тэр чигээрээ амьдралыг олон талаас нь тольдон харуулдаг мэргэжил.
-Манай улсын бүжгийн урлагийн хөгжил 10 жилийн дараа ямар хэмжээнд очих бол?
-Дэлхийн улс гүрнүүд спорт, урлаг гэсэн энэ хоёр томоохон салбарын хүчээр нэгдэж чаддаг. Тийм болохоор 10 жилийн дараа манай улсад бүжгийн урлаг гайхалтай хөгжсөн байх болно. Манай аймгийн хувьд аялал жуулчлал түлхүү хөгжиж буй энэ үед урлаг соёл гэдэг зүйл дагаад асар хурдацтай хөгжих боломж байна гэж харж байгаа. Хан Хэнтий чуулгад асар их хүч байна. Хэнтийчүүд урлаг соёлоороо хэзээ ч хоцрогдох учиргүй.
- Таны бүжгийн урлагийн төлөөх мөрөөдлийн тань эцсийн цэг нь юу вэ?
-Бүжгийн урлагийн төлөөх зорилго, мөрөөдөлд минь хязгаар үгүй. Эцсийн цэг гэсэн ойлголт уран бүтээлч хүнд байх ёсгүй. Бид цаашдаа илүү ихийг хийж бүтээнэ гэсэн оргилуун хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Гагцхүү энэ бүхнийг цаг хугацаа маш тод томруун харуулна шүү дээ.
-“Урлагийн боловсрол-Хүүхэд” хөтөлбөр хэр амжилттай явагдаж байна вэ?
-Өнөөдөр бидний уран бүтээлийг үзэхээр ирдэг цөөн хэдэн үзэгчид байдагт миний сэтгэл зовниж явдаг. Тийм учраас бид чуулгынхаа ирээдүйн маркетинг, ирээдүйн үзэгчдийг одооноос бэлтгэх үүднээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Манай хөтөлбөрт одоогийн байдлаар ЕБС-ийн 4-9 дүгээр ангийн 1000 гаруй хүүхэд хамрагдаад байна. Цаашдаа бид илүү олон хүүхдийг хамруулах үүднээс нас насанд тохирсон программаар хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хүүхдэд багаас нь үнэ төлбөргүй гоо зүйн мэдлэг олгох, урлаг уран сайхны мэдрэмжтэй болгох энэ санаачилга маань Монгол улсад анх удаагаа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
- Ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээх болтугай. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье!