“Хөгжилд хөтөлсөн 20 жил” ном хэвлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-08 11:53:01
Хэнтий /МОНЦАМЭ/. "Хэнтий цахилгаан түгээх сүлжээ" салбар үүсч хөгжсөний 20 жилийн түүхт ойн босгон дээр “Хөгжилд хөтөлсөн 20 жил” ном хэвлэгдэн гарлаа. 

Энэхүү номыг Монгол Улсын зөвлөх инженер Б.Бадралмаа тэргүүтэй ажлын хэсэг Хэнтийн мэдээ сонины редакцтай хамтран бүтээсэн байна. Түүхэн ойн баярт зориулсан тус номонд Хэнтий аймгийн Эрчим хүчний салбарын өнгөрсөн 20 жилийн бахархам амжилт, дурсгалт мөчүүд, дэвшилтэт он жилүүдийн тухай өгүүлсэн сонирхолтой зураг, нийтлэлүүд багтжээ.

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1997 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Баянмөнх-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор "Хэнтий цахилгаан түгээх сүлжээ" үүсгэн байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр тус хамт олон Хэнтий аймгийн 18 сум, суурин, Сүхбаатар аймгийн 1 суманд оршин суугч 11022 хэрэглэгчдэд ЦЭХ-ийг түгээн ажиллаж байна. Жилд дунджаар өөрийн өмчлөлийн хөрөнгөө нэмэгдүүлэх, техник хангамжаа сайжруулах зорилгоор 518.4 сая төгрөгийн их засварын ажил хийгддэг. Ойн жилийн хүрээнд Дэлхийн банкны Эрчим хүчний төслөөр 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

"Хэнтий цахилгаан түгээх сүлжээ" салбарын хамт олон Зүүн бүсийн хөгжлийн хөтөч нь байж, хэрэглэгч хамт олноо дээдэлсэн тэргүүлэгч компани байх гэсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Тус салбарын 20 жилийн ойн баярын арга хэмжээ энэ сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр баярын хурал, шагнал гардуулах ёслол, баярын концерт, хурдан морьдын уралдаан зэрэг олон үйл явдлууд болж өнгөрлөө.
Д.Одонтунгалаг
Related news