31 дүгээр жемборид Хэнтийгээс 350 хүн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-29 21:19:39
Хэнтий /МОНЦАМЭ/ Ази, номхон далайн бүсийн скаутын 31 дүгээр жемборид Хэнтий аймгаас 15 сум, 2 тосгоны 300 хүүхэд, 30 удирдагч багш, зохион байгуулагч 10, зочид төлөөлөгч 10 нийт 350 хүн оролцож байна.

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг Жембори нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт юм. Манай улс 2012 онд Бангладеш Улсад болсон Бүсийн их хурлаас 31 дүгээр Жембориг зохион байгуулах эрхээ авсан байна. Энэ сарын 27-ноос наймдугаар сарын хоёрны өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болох Жемборид гадаадын 50 гаруй орны 2000, манай 4000 орчим хүүхэд, 1600 орчим насанд хүрэгч, сайн дурынхан оролцож байна.

Хэнтий аймгийн Скаутын зөвлөлийн дарга Ч.Хос-Эрдэнээр ахлуулсан баг 5 аймаг, 2 дүүрэг, 12 орны гадаадын скаутуудын хамтаар Хавар дэд зусланд байрлаж байгаа аж. Хэнтий аймгийн скаутууд жемборийн үеэр Чингис хааны өлгий нутгийг сурталчлах, Буриад ёс заншлыг сурталчлан таниулах, Монгол уламжлал /Цагаан сар/-ыг хийж, дэлхийн скаутуудад үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна.
Д.Одонтунгалаг
 
 
Related news