УИХ-ын гишүүн Д.Гантулга Хан Хэнтийчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгаас Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсон Мөрөн сумын харъяат Дорждугарын Гантулга гишүүн Хан Хэнтийчүүддээ хандан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр уг мэндчилгээндээ,
Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаа Хэнтийчүүд их бүтээн байгуулалт, ажил үйлс, амжилтаар өрнүүн угтаж байгаад туйлын их баяртай байна.
Бид энэ жил Зүүн бүсийн хамгийн том оношилгоо эмчилгээний төв, дэд станц, зам, барилга байгууламж зэргийг барьж байгуулсан бол Монгол Улсын засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгож буйгаа албан ёсоор зарлаж, мөн Дадал суманд олон улсын нисэх буудал барихаа салбар яамнаас зарласан.
Ирж буй цаг мөч бүхэнд Хан Хэнтий нутагтаа хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ашиг орлого, амжилт бүтээлийг авчрахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.
Түүхт эзэн Чингисийн өлгий нутгийн ард иргэд та бүгдийн минь морь нь хурдан, бөх нь хүчтэй, сур нь мэргэн байж, дэлхийд ганц Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.
Зүрхэн нутгийн зон олон та бүхэндээ Монгол түмний үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлж, эрүүл энх, элбэг жаргалыг хүсэн ерөөе.
Та бүгдийг минь Бурхан Халдун түшиж, Хэрлэн, Онон тэтгэх болтугай." гэжээ.
Д.Одонтунгалаг