Зохиолч уншигчдын уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Төрийн соёрхолт, яруу найрагч Ренчингийн Чойномын шүлэг, найраглал, тууж, роман, дурсамж, захидал, орчуулгын бүтээлийн 13 боть номын нээлт өнгөрөгч сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод болжээ. Энэхүү ач холбогдол бүхий номыг хэвлэн нийтлэх санаачлагыг Р.Чойномын нэрэмжит "Өд сан”-гаас гаргаж, ажил хэрэг болгож байгаа бөгөөд энэхүү номын нээлтийг Чингис хотод саяхан хийж, зохиолч уншигчдын уулзалт зохион байгуулав.
Уг 13 боть номын нээлтийн арга хэмжээнд Хэнтий аймгийн удирдлагууд, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа, Данзангийн Нямаа нар хүрэлцэн ирж оролцсон юм. Энэ үеэр Р.Чойномын нэрэмжит "Өд сан”-ийн тэргүүн Д.Ганболд 13 боть номынхоо дээжийг тус аймгийн Нийтийн номын санд гардуулан өглөө.
27 жилийн хугацаанд нийт 1800 гаруй уран бүтээл туурвисан Р.Чойномын 1100 гаруй бүтээл дээрх ботиудад орсон байна. Түүний орчуулсан Шекспирийн шүлгүүд болон захидал, бүтээлүүд “Өд” санд ирсээр байгаа учраас цаашид иргэд, ном унших дуртай хүмүүст хадгалагдаж байгаа Р.Чойномын бүтээл туурвилуудыг тус санд хүргүүлбэл дараа дараагийн боть зохиолуудад оруулах боломжтой талаар “Өд” сангийн тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд ярьж байлаа. Тэрбээр уг ботиудын дээжээс тус аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Засаг дарга болон Р.Чойномын үеэл дүүд тус тус бэлэг болгон барив.
Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаагийн үг “Амьдралаа би чамд хайртай” дууг Хэнтий аймгийн дуучин н.Хонгорзул дуулж уулзалтанд хүрэлцэн ирсэн түмэн олонд ая дууны мэндчилгээ өргөн барилаа.
Мөн өдөр Хэнтий аймгийн ИТХ-аас СГЗ, багш Л.Нямаа, Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд нарт хүндэтгэл үзүүллээ.