Нэг дор есөн салбарын байгууллага иргэддээ үйлчилгээ үзүүлж, ажлаа сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-20 09:35:43

Хэнтий /МОНЦАМЭ/ "Хан Хэнтийчүүдийн шинэ санаа, шийдэл" ухаалаг дэвтэрт бичигдсэн 1785 иргэний 2006 асуудал, 6022 санал, оролцоог үнэлэх ажиллагааг энэ сарын 29-ний өдөр Чингис хотын төв талбайд зохион байгуулахаар болжээ. 

Энэ өдөр Хэнтий аймгийн гал бичин жилийн “Оны 9 алдартан” тодорсон салбарууд болох Боловсрол, Байгаль орчин, Хууль шүүх, Соёл урлаг, Банк санхүү, Цахилгаан эрчим хүч, Газрын харилцаа, барилга хот байгуулалт, Шатахуун түгээлт, Баялаг бүтээгч, нийтийн үйлчилгээ гэсэн 9 салбар нэг дороос иргэддээ үйлчилгээ үзүүлж, ажлаа сурталчлах юм байна.

Мөн энэ үеэр олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдаж, гэнэтийн бэлэг дэлгэгдэх тул иргэдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс урьж байна.

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Хэнтийн мэдээ” сонины редакцтай хамтран “Хан Хэнтийчүүдийн шинэ санаа, шийдэл” ухаалаг дэвтрийг 18 сум, 5 тосгон, 83 баг, Хэрлэн сумын төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллагаар аялуулжээ. 

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нэг сарын турш Хэнтийчүүдийн оюун санаагаар аялж, ухааны ур, шийдлээ тусгасан эл дэвтрийн санал нэгтгэх, эрэмбэлэх ажил дууссан байна.

Нийт 150 дэвтрийг аялуулсанаас 126 дэвтэрт санал санаачлага бичигдэн эргэн иржээ. 

Д.Одонтунгалаг

Related news