Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн тодорхой заалтуудыг үндэслэн Хэнтий аймгийн хэмжээнд мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлын хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлаар нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны аймгийн хэлэлцээрийг албаныхан байгууллаа.
Хэлэлцээрт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэржилтийг дэмжих, ажлын байрыг хадгалах, цалин хөлс нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хамтын хэлэлцээрийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх талаар таван багц асуудлуудыг тусгажээ.
Хамтын хэлэлцээрт Хэнтий аймгийг төлөөлж Засаг дарга Н.Ганбямба, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Эрдэнэжаргал, аймгийн Үйлдвэрчний холбооны дарга Д.Оюун, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сургалтын албаны дарга Б.Болд-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ганчимэг, "Тэмүүжин" цогцолбор сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Д.Эрдэнэчимэг, Стандарчлал хэмжилзүйн хэлтсийн Үйлдвэрчний хорооны дарга Н.Хашхүү, аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Т.Эрдэнэбаатар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Д.Батболд, Баялаг бүтээгчдийн холбооны дарга Б.Батзориг, Барилгачдын холбооны тэргүүн Б.Батмөнх, "Хан Хэнтийн ногоочид" ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Түмэнбаяр нар гарын үсэг зурав.
Энэхүү гурван талт хэлэлцээрийг байгуулснаар хувиараа хөдөлмөр эрхлэгч, аж ахуй нэгжүүд, байгууллагыг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчийн эрх ашгийг хамгаалах, баялаг бүтээгчдэд зориулан үйлдвэрлэл явуулах ажлын байрыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөв.
Д.Одонтунгалаг