Хэнтий аймгийн хэмжээнд нийт 47790 сонгогч саналаа өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-07 11:52:53
Хэнтий /МОНЦАМЭ/ Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллага 5-р сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн сонгуулийн хороонд тус аймагт бүртгэгдсэн 47790 сонгогчийн нэрийн жагсаалтыг хүлээлгэн өгчээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагууд Хэнтий аймагт бүрэн байгуулагдаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 18 суманд Сумын сонгуулийн хороо, нийт 91 санал авах байр ажиллахаар зохион байгуулагдаж, бүрэлдэхүүнүүд нь томилогджээ. Түүнчлэн сонгууль зохион байгуулах чиглэлээр сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар, мэдээллийн технологийн даамлууд, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын сургалтыг зохион байгуулсан байна. Санал авах байранд ажиллах төрийн албан хаагчдын нөөцийг бүрдүүлэх зорилгоор сонгуулийн тухай хуулийн дагуу гэрчилгээ олгох сургалтыг мөн зохион байгуулсан аж.

Хэнтий аймгийн хэмжээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад нийтдээ 590 төрийн албан хаагч ажиллахаар томилогдоод байна. Үүний 9 нь аймгийн сонгуулийн хорооны гишүүн, 92 нь Сумын сонгуулийн хорооны гишүүн, үлдсэн нь санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нар юм. Мөн санал авах байрыг бэлтгэх, сонгогчийг сонгуулиа өгөх нөхцөл боломжоор хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос санал авах байр бүрт 200 мянган төгрөгийг төсөвлөн хүргүүлжээ.  Иргэд өөрийн нэрээ сонгогчийн нэрсийн жагсаалтанд байгаа эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хаяг болон харъяа санал авах байрандаа очиж, хянах боломжтой юм.
  Д.Одонтунгалаг
Related news