Гурван түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, шууд зардлыг нөхөн төлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Он гарсаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дадал, Норовлин, Цэнхэрмандал, Баян-Адрага суманд нийт 5 удаагийн ой хээрийн түймэр гараад байна. Үүнээс шалтгаалж нийт 54,081,5 га талбай шатсан бөгөөд 32,130,929,020 төгрөгийн экологийн хохирол учирч, 34,696,305 төгрөгний шууд зардал гарчээ. Одоогийн байдлаар 3 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, шууд зардлыг нөхөн төлүүлсэн бол Норовлин сумын нутагт гарсан түймрийн эзэн холбогдогч тогтоогдоогүй байна.
Мөн Цэнхэрмандал сумын нутагт гарсан түймэр одоогоор бүрэн унтраагүй байгаа бөгөөд эзэн холбогдогчийг тогтоохоор холбогдох байгууллага ажиллаж байгаа юм.
Мөн Цэнхэрмандал сумын нутагт гарсан түймэр одоогоор бүрэн унтраагүй байгаа бөгөөд эзэн холбогдогчийг тогтоохоор холбогдох байгууллага ажиллаж байгаа юм.
Тиймээс аймгийн Засаг дарга Н.Ганбямба хуулийн байгууллагуудыг түймэр тавьсан эздийг тогтоох тал дээр анхаарч, ажлын явцыг танилцуулж байхыг аймгийн Цагдаагийн газрын даргад үүрэг болголоо. Мөн түймрийн талаар худал мэдээлэл өгсөн, хугацаа алдаж мэдээлсэн тохиолдолд хариуцлага тооцох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг сануулсан бөгөөд сумд руу гал түймрээс сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Д.Одонтунгалаг