Аймгийн цагдаагийн газрааc сургуулиудад зөвлөмж хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Цагдаэагийн газраас Ерөнхий боловсролын сургуулиудад зөвлөмж гаргалаа.
Тэрбээр уг зөвлөмжид, Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 94 их, дээд сургууль болон коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 35000 орчим оюутан, ерөнхий боловсролын 778 дунд сургуулийг 37581 сурагч төгсөж байна.
Иймд оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьчдилан сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Үүнд:
1.Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулахдаа Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиуд болон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 дугаар тушаал, Нийслэлийн боловсролын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулиудын эрдмийн баяр зохион байгуулах ажлын зөвлөмж”-ийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
2. Сургууль бүр дотооддоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, төгсөлтийн арга хэмжээний үеэр хяналтыг сайжруулж, багш нарыг хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулах хуваарийг гарган, цагдаагийн газартай хамтран ажиллах.
3. Төгсөлтийн арга хэмжээний үеэр гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан, сурагчдын дунд яриа таниулга хийж, зохион явуулж байгаа ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах.
4. Харьяа сум, багийн хэсгийн төлөөлөгч, байцаагч нарт “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх хугацаа, зохион байгуулах газрын мэдээллийг хүргэж, энэ үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийг татан оролцуулах, тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллах.
5. Арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, зочид буудал, баар цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.
6. Төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгон тэмдэглэх ажлын хүрээнд оюутан сурагчдын дунд сурч мэдсэн, хийж бүтээснээ тайлагнах, төгсөгчдийг урамшуулах, тэргүүний сурагчдыг алдаршуулах тайлант өдөрлөг, боловсролын гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон зохион байгуулах.
7. Төгсөгчдийн дунд “Хонхны баяр”-ыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байгаа зарим сургуулийн “Сайн туршлага”-ыг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн нэрэмжит мод тарих, ногоон орчин бий болгох, хийж бүтээсэн ажлаа олон нийтэд таниулж, бусаддаа бүтээлч, зөв үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр зохион байгуулах.
Зөвлөмжийн дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулсан ажлын танилцуулгыг холбогдох материал зургийн хамт 2017 оны 05 дугаар сарын 28-ны дотор цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт ирүүлнэ үү гэжээ.
Д.Одонтунгалаг