Дадал нутгийн бүсгүйчүүд чуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-24 21:11:58
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дадал сумын эмэгтэйчүүдийн зөвлөл жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нутгийн хөгжилд- Эмэгтэйчүүдийн манлайлал оролцоо” сэдэвт 7-р чуулга уулзалтаа хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулав.
 
“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” уриан дор явагдсан энэ удаагийн арга хэмжээнд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг бүтэн өдрийн турш үзлэг, оношлогоо хийж,  давхардсан тоогоор 324 эмэгтэйг хамруулсан байна.

Чуулганы үеэр Дадалчууд сумын шилдэг малчин эмэгтэйчүүд, 3 ба түүнээс олон хүү дараалан төрүүлсэн 60-аас дээш насны 6 ээжийг “Дархан бэр” –ээр өргөмжилж алдаршуулжээ. Мөн хөтөлбөрт тусгагдсаны дагуу тус сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, “Харилцааны уламжлалт аргууд” сургалтыг Дадал сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Энхчимэг хийж, “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Э.Баасанхүү, “Шимт хүнс” сургалтыг сургагч багш И.Саранцэцэг нар явуулжээ.

 Энэ үеэр  40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн дунд “Намбалаг бүсгүйчүүд” тэмцээн, сүү цагаан идээ, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, шилдэг загвар өмсөгчийг шалгаруулах уралдаан, марофон гүйлтийн тэмцээнийг тус тус зохион байгуулахын зэрэгцээ Онон голын гүүрний орчмын хур хогийг цэвэрлэж, 1 тн орчим хогийг устгасан байна. Төгсгөлд нь чуулганы үйл ажиллагаанд хамгийн идэвх санаачлагатай оролцсон Балж багийн эмэгтэйчүүд шилдэг багаар шалгарч шилжин явах цомын эзэд болжээ.
 Д.Одонтунгалаг
Related news