Ялалтын гараанд Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн багачууд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-10 17:05:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн цэцэрлэгүүдийн аварга шалгаруулах шатар, даамын “Ялалтын гараа” тэмцээн 4 дэх жилдээ зохион байгуулагдаж, Өмнөдэлгэр сумын багачууд нийт 17 шагналт байр эзэлсэн амжилтаар тэргүүллээ.
Мөн Бор-Өндөр сумын Бүжинхэн цэцэрлэгийн Ахлах “А” бүлгийн хүүхдүүд ангиараа тэмцээнд оролцож, 9 нь шагналт байранд шалгарав. Тэмцээнд 10-аад сумын 243 хүүхэд оролцсоноос 60 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй Бор-Өндөр сум хамгийн олуулаа иржээ.

Энэхүү тэмцээний шатрын төрөлд Э.Билгүүдэй, С.Тодгэрэлт, Б.Чингүүн, Г.Наранжаргал нар тэргүүлсэн бол багш нарын төрөлд Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн багш С.Цэрэнханд мөн алтан медалийн эзэн боллоо. Даамын төрөлд М.Өлзийнаран, А.Хонгороо, Б.Болд, Д.Хонгорзул нар алтан медалиар энгэрээ мялаасан байна.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн оюуны хөгжлийг дэмжиж, эдгээр спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж яваа дасгалжуулагч багш Р.Адъяасүрэн, С.Цэрэнханд, Р.Одонхүү болон хүүхэд багачуудын шатар, даам сурах орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа Хэрлэн сумын 4 дүгээр цэцэрлэг, Бор-Өндөр, Баян-Адрага сумын цэцэрлэгийн эрхлэгч нарыг энэ үеэр шагнаж урамшууллаа.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээн тив дэлхий, улсын аваргад өрсөлдөх өсөх ирээдүйтэй шатарчид, даамчдыг бэлтгэхээс гадна хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлж, хичээл сурлаганд нөлөөлөх ач холбогдолтой юм.

Хэнтий аймгийн цэцэрлэгийн багачууд энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 8 шагналт байранд шалгарсан амжилтыг үзүүлээд байна.

Д.Одонтунгалаг

Related news