Б.Даваажав: "Улсын уралдааны Хэнтийн улаан Даваажав" нэртэй явлаа хө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-09 18:05:24
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий чуулгын ахмад уран бүтээлч, Ард түмний гавьяат, дуучин Бэгзийн Даваажав гэж хэн хүнээс дутахгүй алиа хошин, цагаан цайлган зантай, нутаг усныхнаа дуу хуураараа хөглөсөн авьяаслаг нэгэн эрхэм бий. Түмний сэтгэлийг хайлуулж явсан ардын дуу шигээ уяхан ч гэмээр эгэлхэн үнэн аж төрж яваа түүнийг Хан Хэнтий чуулгын “Улаан” Даваажав гэвэл Хэнтийд танихгүй мэдэхгүй хүн ховор билээ. Урлагийн алтан тайз, уран бүтээлийн аялгуу тансаг эгшигийн дор нэгэн насаа зориулах ховор сонин тохиол чухам  түүнд заяажээ. Тун удахгүй Б.Даваажавын нэрэмжим "Сүнжидмаа" ардын болон зохиолын дууны наадам тус аймагт зохион байгуулагдах гэж байна. 

Тэрбээр 1957 оны хоёрдугаар сарын хорины өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Шовгор хад” хэмээх газар малчин ард Б.Бэгзийн ууган хөвүүн болон мэндэлжээ. Таван хүүхэдтэй өнөр өтгөн халуун ам бүлийн хөдөөх малчин айлын ахуй амьдрал дунд өсч бойжсон тэрбээр Буянт сумынхаа дунд сургуулийг төгсч эвлэлийн илгээлт өвөртлөн малчин болсон гэдэг.

Улмаар 1975-1978 онд хугацаат цэргийн алба хааж, эр бие тэгширсэн залуу халуун насандаа хувь ерөөлөөр Хан Хэнтий нутагтай хувь заяагаа холбож,  Хэнтий аймгийн ХАА-н ТМС-ийг 1979 онд тракторын жолооч мэргэжлээр төгсч, Өндөрхааны САА-д дөрвөн жил ажиллажээ.

Урлаг хэмээх их амьдралын талбарт бусад шиг гадаад дотоодын сургууль соёлын мөр хөөж, зэрэг дэв, цол гуншин гэлгүйгээр орж ирсэн түүний их урлагт хөл тавьсан, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгатай амьдралаа холбосон түүх чухам энэ л үеэс эхтэй. Тухайн үед Өндөрхааны САА-н тракторын жолооч залуу урлагийн амьдралд хөл тавьж, нэгэн насаа дуулж туулах учиртайгаа хэрхэн төсөөлөх билээ.
Тэрбээр “Өндөрхааны САА хадлан салаанд хуваарилагдан дөрвөн жил тракторчиноор ажиллаж байтал Хэнтий аймгийн Соёлын ордон 1983 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулга болон өргөжиж билээ. Ингээд АДБ-ийн чуулгад дуучин, бүжигчин, хөгжимчин шалгаруулж авах шаардлагатай байсан юм. Миний  урлагийн гараа Өндөрхааны САА-д байхаас бүх Ард түмний урлагийн үзлэгт орж, хүрэл медаль авснаар эхэлсэн түүхтэй. Намайг анх Хан Хэнтий чуулгын алтан босгоор оруулсан ачтай багш нар бол УГЗ Л.Дашням, УГЗ Д.Гомбо багш нар байлаа. Тухайн үед халуун дотноор угтан авсан олон ахмад бий. Тухайлбал, АЖ Шархүүхэн, МУСТА Даариймаа, Даваасамбуу, Мэндээ, Х.Нямдаваа, Дашдондов, МУГЖ Ичинхорлоо, Нансалмаа зэрэг олон сайхан ахмадыг дурсахад таатай байна. Анхны багш маань гэвэл МУСТА Х.Нямдаваа юм. Манай багш надад нусны алчууртай, нотны дэвтэртэй, гутлын алчууртай, үзэг самтай, тэмдэглэлийн дэвтэртэй яв! гэж захиж сургадаг байж билээ. Өөрөө ч их нямбай, аливаа юмыг боож хүлж байдаг, гартаа байнга нэг бор цүнхтэй явдаг этгээд “Чанарын” хүн байсансан. АДБ-ийн Хан Хэнтий чуулгад анх янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс шалгуулж орсны нэг нь би байсан. Дуу ангид анх аймгийн намын хорооны товчооны хурлаар орж батлагдан ирж байлаа. Дуучин Жанчив, Энхбат, Алтантуяа, Наранцэцэг, Болд, Цэнд-Аюуш, Лхагвахорол, Төмөрхуяг зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн дуучидтай хамт Хан Хэнтий чуулгын дуучин болж, тулгын чулууг нь тавилцаж явлаа” хэмээн хуучлав.  

Зах зээлийн ороо бусгаа хүнд үед архи талонд орж, лангуун дээр бор давснаас өөр зүйлгүй болоход олон хүн Хан Хэнтий чуулгаа орхиж ноолуур, махны ченж болж гахай үүрч эрээн хотыг зорьж, УГЗ Энхболд хэмээх багш гайгүй хэдэн жүжигчдээ авч гадаад гарч хувь хувьдаа л амьдралаа бодож байсан тэр л үед Хан Хэнтий чуулгын дарга Б.Авирмэд, уран сайхны удирдаач Ц.Оюунбаатар, хөгжмийн багш Ц.Дугар, жолооч Хүрэл-Одон, дуу ангийн дарга Б.Даваажав нарын хүмүүс чуулгынхаа үүд хаалгыг барилгүй уйгагүй хөдөлмөрлөсөөр өнөөг хүрч, монголын урлаг уран бүтээлийн шинэ цаг ирнэ гэдэгт итгэж найдаж явсан нь биелэлээ олжээ.

Б.Даваажав Хан Хэнтий чуулгад 27 жил дуулахдаа Т.Нарангэрэл, Өлзий-Орших, Алтанхуяг, Д.Санжаасүрэн, Мөнхжаргал, Б.Авирмэд нарын зургаан даргын нүүр үзсэн гэдэг. Энэ хугацаанд тэрбээр Дуу ангийн даргын үүрэгт албыг 10 гаруй жил хашиж, авьяас билгээ дайчлан хөдөлмөрлөсний үр дүнд Хан Хэнтий чуулгадаа 2000 онд анхны бие даасан тайлан тоглолтоо,  2002 онд “Хатан Хэрлэн, Хаан Уулаа дуулья” нэртэй өөрийн зохиосон шинэ дууны тайлан тоглолтоо тус тус тавьж, үзэгч олон түмэндээ уран бүтээлээ өргөн барьжээ. Дуулахын зэрэгцээ дуу бүтээнэ гэдэг амаргүй хөдөлмөр. Сүүлийн хориод жилийн хугацаанд дуулахаас гадна уул ус, гол мөрөн, эх нутгаа магтан дуулсан 20 гаруй дууг өөрөө бүтээж чуулгынхаа уран бүтээлийн санг арвижуулжээ.

Өдгөө түүний дуунуудыг мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явсан уран бүтээлчид нь амилуулан үзэгч олонд хүргэсээр байна. Түүнчлэн чуулгынхаа алтан тайзнаа тавигдсан, гадаад дотоодод тоглогдсон бүхий л уран бүтээлд оролцож гол болон туслах дүр бүтээж дуулж явжээ. Тухайлбал, УГЗ Гомбын “Насны харгуй” цомнол, “Их хувь заяа” жүжгийн гол ба туслах дүр, УГЗ Дашнямын Дан найрал дуу, Гэлэн гуай, Хартай сарлаг, Чогчоохон, Хүдэр дунгуй нутаг, Хэдэн тэмээ харав уу, Машин ирвэл, Биндэрьяа зэрэг дан найрлууд, УГЗ Санжаасүрэнгийн Буриад, Үзэмчин, Барга, Торгууд, Баяд, Урианхай, Захчин бүжиг, Дорнод монголын чуулбар зэрэг бүжгийн дуунуудыг дуулж үзэгчдийн хүртээл болгосон байна. Нэгэн насаараа Хэнтий нутгийн урлагийн салбарт зүтгэсэн түүний алдар гавьяа арвин их.

Тэрбээр “Монгол ардын богино дууны улсын уралдаан”, “Хөдөөгийн одод”, “АЖ Ч.Шархүүхэний нэрэмжит уртын болон ардын дууны тэмцээн” зэргээс тусгай байр, “Монгол ардын дуу Сүнжидмааг хэн сайн дуулах вэ” уралдааны дэд байр, Хан Хэнтий чуулгын аварга дуучин болон аймаг бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд удаа дарааллан амжилттай оролцож байсан бөгөөд 1996 онд МУСТА цол хүртэж, 2000 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2009 онд Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадмаар Монголын “Ард түмний гавьяат дуучин” цолоор тус тус энгэрээ мялаасан байна.

Залуу халуун насандаа ерөөлөөр учирсан Хан Хэнтий нутаг түүнд өгөөж буянаа харамгүй хайрласан нь уран бүтээл төдийгүй ахуй амьдралд нь тусгалаа олсоныг түүний гэр бүлээс нь тод харж болно. Анх 1979 онд Хэнтийд ирсэн жилээ Баян-Өлгий аймгийн буюу нэг нутгийн тэр тусмаа нэг  голын уугуул Л.Цэндсүрэн хэмээх бүсгүйтэй ханилж, Өндөрхаан уулын энгэр, өргөн Хэрлэнгийн хөвөөнөөс гал голомтоо бадрааж, гучаад жил ханилахдаа гарын таван хуруу шиг таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн нь өдгөө хүний дайтай амьдарч явна. Эдний таван хүүхэд дуучин аавынхаа авьяасыг бүгд тодорхой хэмжээнд өвлөсөн урлагийн авьяастай улс ажээ. Бүр хүүхэд байхаас нь гэр бүлийн тоглолт зохион байгуулаад сумдаар явдаг байсныг тэд дурсах дуртай. МУСТА Б.Даваажав 2009 онд гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч аавынхаа авьяасыг, ажил албатай нь өвлөсөн хоёр дахь хүү Д.Одгэрэл нь тэнд аавынхаа эзгүй орон зайг нөхөж явдагийг хамт олон нь онцолдог.

Өдгөө гуч гаруй жилийн түүхийг хүүрнэх Хан Хэнтий чуулгын тулгын чулууг тавилцсан ахмад уран бүтээлчдийн нэг, Урлагийн тэнгэр Янжинлхамын ивээлтэй, Улсын уралдааны “Хэнтийн улаан Даваажав” хэмээх дуучин эрийн тухай өгүүлэхэд ийм байна.

          Хэнтий нутгийнхаа зон олны хэнгэрэг сонорыг аялгуу эгшгийнхээ дээжээр мялааж яваа түүний ховор унаган авьяас, хосгүй үнэн уран бүтээлүүд нь Хэнтий ханы өвөр, Хэрлэн их л мөрний хөвөөнөөс монголын их урлагийн ай савд цутгах нэгэн тунгалаг дөлгөөн цутгал буй за.
 
“СҮНЖИДМАА” АРДЫН БОЛОН ЗОХИОЛЫН ДУУНЫ НААДМЫН УДИРДАМЖ
 
Зорилго: МУСТА, Ард түмний гавъяат дуучин Б.Даваажавын уран бүтээл, уралдаан тэмцээнд оролцсон амжилтуудыг сурталчлах, ардын авъяастнуудыг тодруулах, урын санг баяжуулах, ардын дууг залуу хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэхэд оршино.

Ерөнхий зохион байгуулагч: Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар,
Хэрлэн сумын Соёлын төв
Хамтран зохион байгуулагч: Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” Чуулга,
Хэнтийн мэдээ сонин, Хэнтий ТВ
Хамрах хүрээ: Хэнтий аймгийн сумдын ардын авъяастнууд 18-40, 41-ээс дээш гэсэн 2 насны ангиллаар оролцоно.
Хаана: Хэрлэн сумын Соёлын төвд
Хэзээ: 2017 оны 05 сарын 12-ны өдрийн 10 цагт эхэлнэ. 19:00 цагт шагналтнуудын тоглолттой.
Зохион байгуулалт: Тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд Ардын болон зохиолын дууны төрлөөр оролцоно. Мэргэжлийн театр, чуулгын дуучид болон тэтгэвэрт гарсан ахмад, мэргэжлийн уран бүтээлчид оролцохгүй.
1-р шатанд оролцогч нь Зохиолын дуу дуулна.
2-р шатанд шалгарсан эрэгтэй оролцогчид Монгол ардын дуу
• Сандуйтай мод
• Сүнжидмаа
• Хөх торгон дээл
Эмэгтэй оролцогчид Монгол ардын дуу
• Цоохор морь
• Хүрэн хаалгатай дэлгүүр
• Талд унасан жавар зэрэг дуунуудаас сонгож, ардын хөгжимтэй дуулна. /Дууны бичлэг хэрэглэхгүй ба “Хэрлэнгийн баръяа” хамтлагийн хөгжимчид тоглоно./
Оролцох мэдүүлгээ 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө Хэрлэн сумын Соёлын төвд ирүүлсэн байна. Мэдүүлэгт оролцох авъяастны нэр, нас, хүйс, харъяалал, дуулах дууны төрөл, нэр зэргийг тодорхой бичнэ.
Шалгаруулах журам: Тэмцээнийг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчид шүүн тунгаах ба оролцогчдын ур чадвар, хоолойн цар хүрээ, үгний уран тод хэллэг, хувцаслалт, тайзны болон хувийн соёлыг харгалзан байр эзлүүлж шагнаж урамшуулна.
Шагналын сан: Насны ангилал тус бүрт
• Тэргүүн байр-2, Өргөмжлөл, медаль, 200,000*2=400.000 төгрөг
• Дэд байр-2. Өргөмжлөл, медаль, 150.000*2=300.000 төгрөг
• Гуравдугаар байр-2. Өргөмжлөл, медаль, 100.000*2=200.000 төгрөг
• Тусгай байр-2. Өргөмжлөл, мөнгөн шагнал 50,000*2=100,000 төгрөг
Нийт оролцогчдын дундах шалгаруулалт:
• МУСТА Б.Даваажавын нэрэмжит шагналаар -1 оролцогч
• “Үзэгчдийн таашаал хүртсэн дуучин” шагналаар-1 оролцогч
Жич: Оролцогчид унаа, байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Мандатны үнэ 5,000 төгрөг
Лавлах утас: 9880-9585, 9313-7074
ХЭРЛЭН СУМЫН СОЁЛЫН ТӨВ
 Д.Одонтунгалаг
 
 
 
 
 
 
Related news