Хэрлэн сумын 2 дугаар баг залуучуудын зөвлөлтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-01 16:21:55
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд анх удаа багийнхаа залуусыг олноор нь хамруулсан уузалт зохион байгууллаа.
Уулзалтад төрийн албан хаагчид, ажилгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажилладаг 18-35 насны 70 залуус оролцсон байна.

Уулзалтаар 2-р багийн Залуучуудын зөвлөлийг байгуулсан бөгөөд “Опэн майнд” /Open mind/төвийн сургагч багш М.Ганхүлэг “Залуучуудын манлайлал”-ын чиглэлээр сургалт явуулжээ.

Залуучуудын зөвлөл дарга, дэд дарга, 9 тэргүүлэгчтэй байх бөгөөд 2 дугаар багтай хамтран ажиллаж, эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо аймаг, орон нутгийн удирдлагад хүргэх, өөрсдийн сонирхол, авъяас чадвараа хамтдаа хөгжүүлэх боломжтой болох юм.

Хэрлэн сумын 2 дугаар багт 18-35 насны нийт 1124 иргэн амьдардаг бөгөөд багаар үйлчлүүлэгчдийн 80-аад хувь нь 45-аас дээш насныхан байдаг учраас залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, санаа бодлыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг 2 дугаар багийн хамт олон санаачлан хийж байгаа нь энэ аж.
Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан уг уулзалт залуусын идэвхийг нэмэгдүүлэх, бусдыгаа манлайлах, идэвх санаачлагатай амьдрах, удахгүй болох Хэнтий аймгийн Залуучуудын уулзалт, Монголын залуучуудын нэгдсэн уулзалтад оролцох бэлтгэл ажлыг хангах зорилготой байв.
Д.Одонтунгалаг
Related news