“Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-21 14:47:05
Хэнтий /МОНЦАМЭ/  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах  “Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” уриатай  аян энэ сарын 10-ны өдөр  эхэллээ. Энэ 4 дүгээр сарын турш үргэлжлэх тус аяныг аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл  хэрэгжүүлж, аймгийн ЗДТГ, ХХҮГ, МХГ, БСУГ, ЭМГ, ЭМНДХ, МСҮТ, сумдын ЗДТГ, ОБГ, ХХААГ, ГХБХБГ, ҮЭХ, АОЭХ, Барилгачдын холбоо хамтран ажиллаж байна.  

Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, иргэд даатгуулагчдын эрх ашиг, ажлын байранд мөрдөгдөх стандарт дүрэм журам, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулах юм байна.

Мөн энэхүү үйл ажиллагааны үр дүнг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналыг боловсруулах аж. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулснаар салбар хороодын үйл ажиллагаа идэвхжин, иргэд олон нийт, ажил олгогчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ойлголт дээшилж,  үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин буурах үр дүнд хүрэх юм.

Өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байснаас Хэнтий аймагт 16 осол гэмтэл гарчээ. 
Д.Одонтунгалаг
Related news