Мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлэн баривчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Балдангомбо, Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ч.Наранбат нар хамтран ажиллаж, иргэдийн олон тооны малыг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлэн баривчиллаа.
Шалгалтаар тус аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Б, Ц, Т, Жаргалтхаан сумын харъяат М нар үгсэн тохиролцож, Хьюндай Портер, Субару Порестер маркийн автомашин ашиглан 2016 оны 09 дүгээр сард Өмнөдэлгэр сумын нутгаас малчин Ц-ийн бэлчээрт байсан хониноос 6 тооны хонь, 2017 оны 02 дугаар сард Жаргалтхаан сумын нутгаас малчин Б-ийн 4 тооны адуу, малчин Ц-ийн 4 тооны адууг нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлсан нь тогтоогдож, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Энэ хугацаанд тухайн малын эзэд нь адуу малынхаа зүсийн бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, гэрэл зургийн альбом хийгээгүй байснаас эрэн сурвалжлах ажилд хүндрэл учруулж байсан аж.
Иймд малчин,мал бүхий иргэдийг өөрийн өмч болсон мал сүргээ байнгын өдрийн хариулга, шөнийн манаатай байлгах, бод мал бүрээ зүсийн бүртгэлд хамруулж, гэрэл зургийн альбом хийх, адууны GPS төхөөрөмж ашиглахыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгаас зөвлөлөө.
Д.Одонтунгалаг