Орон тооны цомхотголоор 23 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж байгаа ажилгүйчүүд хоёрдугаар сарын байдлаар 1074 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хүнээр буюу 2.0 хувиар өсчээ.
Нийт ажилгүйчүүдийн 28.2 хувь нь дээд, 8.8 хувь нь тусгай дунд, 10.1 хувь нь мэргэжлийн анхан шатны, 41.9 хувь нь бүрэн дунд, 8.2 хувь нь бүрэн бус дунд, 2.1 хувь нь бага боловсролтой, 0.7 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Нийт ажилгүйчүүдийн 54.6 хувь нь эмэгтэйчүүд, 52.0 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд, 1.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.
Хоёрдугаар сард ажилгүйчүүдийн тоо 234-өөр нэмэгдсэн бөгөөд үүнээс 120 нь эмэгтэйчүүд аж. Орон тооны цомхотголоор 23, байгууллага татан буугдсанаас 3, өөр газраас шилжиж ирсэн 15, сургууль төгссөн 32, мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй болсон 3, цалин багатайгаас 18, бусад шалтгаанаар 140 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ.
Бүртгэлтэй ажил хайгч иргэдээс 57 хүн ажилд орсоны 21 нь эмэгтэйчүүд ба төрийн байгууллагад 37, нөхөрлөл компанид 18, бусад байгууллагад 2 хүн ажилд орсон байна.
Д.Одонтунгалаг