Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажлыг Монголоос эхлэх санаачилгыг танилцуулна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Ливерпүүл хотноо энэ сарын 30-наас ирэх сарын 02-нд болох “Даян дэлхийн ногоонтнуудын дөрөвдүгээр их хурал”-д Монголын ногоон нам (МНН)-ын 12 төлөөлөгч оролцоно.
Даян дэлхийн ногоонтнуудын байгууллагаас зохион байгуулж буй энэхүү хуралд 85 орны Ногоон намын төлөөлөл оролцох аж. Уг хуралд МНН-ын зүгээс Монгол Улсын байгаль, экологийн өмнө тулгамдаад буй хоёр томоохон асуудлыг хэлэлцэх юм.болжээ. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ногоон технологид тулгуурлан иргэдийг ядуурлаас гаргах замаар шийдвэрлэх боломжийн талаар танилцуулна хэмээн МНН-ын дарга О.Бум-Ялагч хэллээ.
Тэрбээр, “Засгийн газар хувийн хэвшлийн үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг 1 кВт-ыг нь 402 төгрөгөөр тооцож авдаг. Нүүрсээр үйлдвэрлэж буй эрчим хүчний үнэ 120 төгрөг. Тэгвэл иргэд өмчлөлийн газрынхаа 50 хувьд нарны энерги цуглуулах хавтан байрлуулж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ төрд худалдах замаар жилд 12-43 сая төгрөгийн орлого олох боломж бий. Хашааны газрын 50 хувьд нарны энерги цуглуулах хавтан байрлуулахад 20 мянган ам.доллар буюу 50 сая төгрөг шаардлагатай. Энэ төхөөрөмжийг олон улсын байгууллагуудын зээлээр авч, иргэдэд өгөх юм. Иргэд төрд худалдсан эрчим хүчнийхээ мөнгөөр зээлээ төлж, гэр, байшингаа цахилгаанаар халааж эхэлнэ. Ингэснээр агаарын бохирдол ч буурах юм. Энэ асуудлыг олон улсын түвшинд ярьж, зээл авах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцүүлнэ. Харин Монголын төр айл, өрхүүдээс цахилгаан худалдан авах дүрэм журам болон холбогдох хууль, эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.
Хоёрдугаарт, Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажлыг Монголоос эхлүүлэх санаачилгаа танилцуулах юм. Өөрөөр хэлбэл, Байгаль нуурын усны 68-70 хувийг Монгол Улсын Орхон, Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг. Харин Байгаль нуураас эх авдаг Ангар мөрөн Хойд мөсөн далайд цутгадаг аж. Тиймээс Монгол Улс бол дэлхийн байгаль, экологийн онцгой бүс болж байгаа юм. Үүнийг дэлхий нийтэд танилцуулснаар Монгол Улсын байгаль, экологийг хамгаалах чиглэлд олон улсын хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа чиглэнэ хэмээн үзэж байгаа хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр