МИАТ компани 2019 онд "БОИНГ"-оос хоёр агаарын хөлөг түрээслэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-24 17:57:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани 2019 онд “Боинг” компаниас “Боинг 737 Макс 8” загварын хоёр ширхэг агаарын хөлгийг 12 жил түрээслэх болжээ.

“МИАТ” 2011 онд тус компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 2013 онд “Боинг 767-300ER”-ыг хүлээн авсан билээ. Үлдсэн хоёр агаарын хөлгийг 2019 онд авах бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед онгоц худалдан авах нь компанийн санхүүд дарамт үүсгэх эрсдэлтэй байгаа тул урт хугацаагаар түрээслэх болжээ. Ингэхдээ худалдан авах эрхээ олон улсын “Avolon Aerospace Leasing Limited (Avolon)” компанид шилжүүлж, тухайн компаниар дамжуулан хоёр агаарын хөлгийг МИАТ компани урт хугацаанд түрээлэх болж, гурвалсан гэрээ үзэглэсэн байна.

Ингэснээр өмнө нь Боинг компанитай байгуулсан хоёр агаарын хөлөг худалдан авах тухай гэрээ цуцлагдаж ,  МИАТ компаниас Боинг  компанид төлсөн урьдчилгаа төлбөр болох 1.9 сая ам.долларыг агаарын хөлгийн  түрээсийн компани болох  “Avolon Aerospace Leasing Limited” компанид барьцаа болгон шилжүүлэх аж. Сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийн “Боинг 737 Макс 8” загварын агаарын  хөлөг нь 2019 оны I, II дугаар улиралд Монголд ирэх юм.

МИАТ Компани 2000-2014 онд үйлдвэрлэгдсэн таван Боинг хөлгөөр нислэг үйлддэг бөгөөд дөрөв нь түрээсийнх юм. Үүнээс гурвынх нь түрээсийн гэрээ 2019-2020 онд дуусна. Насжилт өндөртэй тэдгээр агаарын хөлгүүдийн түрээсийн хугацаа дуусахаар үе шаттайгаар шинэ хөлгүүдээр парк шинэчлэл хийгдэх юм.

Ч.Ариунболд

Related news