Р.Цээлхагва: Согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 40 хувиар өссөн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Чингис хотын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт ямар хэмжээнд байгаа, зам тээврийн осол гэмтэл, замын хөдөлгөөний зөрчлийн талаар мэдээлэл, тодруулга авахаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Р.Цээлхагватай уулзаж ярилцлаа.
- Он гарсаар Чингис хотын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар ажлууд хийв. Цаг үе, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
-Хэнтий аймаг зүүн аймгийн багалзуур уулзвар хэсэгт оршдогоороо онцлогтой. Улсын чанартай төв магистрал зам аймгийн нутгаар 320 гаруй км үргэлжилдэг. Он гарсаар 2016 оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчил буурахгүй байгааг харуулж байна.
- Камерын хяналтаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох журам хэрэгжиж байгаа гэсэн энэ талаар ?
-Гудамж замд ажиллаж байгаа камеруудыг гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлэхэд ашиглаж байна. Зөрчил гаргасан жолоочид хариуцлага хүлээлгэх ажлыг оны эхнээс тогтмолжуулж эхлээд байгаа юм. Энэ чиглэлээр хийж байгаа ажлуудаа интернэт, фэйсбүүк, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд олон нийтэд сурталчлан ажиллаж байна. Чингис хотын хувьд өдөрт 10-20 жолооч зөрчил гаргаж торгуулийн арга хэмжээ тооцогдож байгаа. Ихэвчлэн жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй, хөдөлгөөнт гар утас ашиглах, уулзвар гарц нэвтрэх журам зөрчих зэрэг зөрчлүүдийг ихээр гаргаж байна. Зөрчил илрүүлсэн алба хаагч тээврийн хэрэгслийн улсын дугаараар эзэмшигчийг нь тогтоож бэлэн бусаар торгууль оногдуулж байгаа бөгөөд Торгууль.мн сайтад бүртгэгдэж байгаа. Иймээс иргэд тээврийн хэрэгслээ худалдаалах, бусдад шилжүүлэхдээ бичиг баримтаа албан ёсны эзэмшигчийн нэр дээр байлгах тал дээр онцгой анхаарахгүй бол торгууль тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт хариуцлага хүлээлгэж байгааг анхаарах хэрэгтэй.
- Энэ ажил хэрэгжиж эхэлсэнээс хойш нийтдээ хичнээн иргэнд торгуулийн арга хэмжээ аваад байгаа вэ?
-Бид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдаж, 2015 оны 9 сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн 1 дүгээр сараас хойш камерийн хяналтаар нийт 65 зөрчлийг илрүүлээд байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний хуулинд заасан торгуулийн хэмжээнүүд бүгд нэмэгдсэн байгаа. Жишээлбэл замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс хэрэглээгүй, хөдөлгөөнд гар утас хэрэглэсэн тохиолдолд 12 000 төгрөг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд 480.000, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 30 хоногоор баривчлах хариуцлагыг тус тус хүлээлгэж байна.
- Зөрчил гаргасан иргэд зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд камерын тулгалт хийж байгаа юу? Мөн торгууль иргэдэд ямар шугамаар очиж байгаа вэ?
-Камераар илрүүлсэн зөрчлийн хувьд манайд иргэдээс ямар нэг гомдол ирээгүй. Харин цагдаагийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж, улсын дугаар буруу бичих, овог, нэр андуурах зэргээс шалтгаалж торгууль өөр иргэний нэр дээр очсон гомдлууд гарч байсан. Энэ тохиолдолд бид цагдаагийн алба хаагчид хариуцлага хүлээлгэж, тухайн иргэнийг хохиролгүй болгодог. Жолооч нар Торгууль.мн сайтаар байнга орж, өөрсдийнхөө овог нэрээр орж тогтмол шалгаж байх хэрэгтэй. Интернэтгүй газар оршин сууж байгаа цагдаагийн иргэд байгууллагаас торгуулийн тухай мэдээлэл авах бүрэн боломжтой. Иргэн зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Цагдаагийн газрын жижүүрийн шуурхайн удирдлагын албаны камер дээр ирж, бичлэгээ шүүж үзэж болно.
- Зөрчлийн онооны талаар мэдээлэл өгнө үү?
-Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо торгуулах бүрт хасагдаж байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 3 оноо, зам тээврийн осол гэмтэл гаргасан нь нотлогдсон тохиолдолд 5 оноо, хамгаалалтын бүс хэрэглээгүй, хөдөлгөөнд гар утас хэрэглэсэн зэрэг зөрчлүүдэд 1 оноо хасагддаг байгаа. Жолооч нар гаргасан зөрчлийнхөө талаар Торгууль.мн сайтаас авах боломжтой юм. Бид цаашид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчилтөй хийх тэмцлийг улам сайжруулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгаж ажиллах болно. Нийт иргэддээ замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.
Д.Одонтунгалаг