Өрхийн эмнэлгүүд бичил лабораториудтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд байрлах “Хэрлэн Дом” өрхийн Эрүүл мэндийн төв /ЭМТ/-д хийгдэх бичил лабораторийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтэд аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нар оролцож, тус ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Аймаг, сумын удирдлагууд мөрийн хөтөлбөртөө тусгагдсаны дагуу өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын дор шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдсэнээр ийнхүү тус өрхийн эмнэлэг доорх 9 төрлийн шинжилгээ авах боломжтой болжээ. Үүнд:
1. Шээсний шинжилгээ
2. Захын судсанд сахар үзэх
3. В, С вирусын шинжилгээ
4. ДОХ, тэмбүүгийн хурдавчилсан сорил
5. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн шинжилгээ
6. Биохими шинжилгээ
7. Цэрний сорьцын шинжилгээ
8. Зүрхний цахилгаан бичлэг
9. Хавдрын маркери үзэх аж.
Ингэснээр тус аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал багасч, эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл боломж бүрдэж байгаад иргэд баяртай байлаа. Тун удахгүй Хэрлэн сумаас физик эмчилгээний УВЧ аппаратыг шийдвэрлэж олгохоор болжээ.
Хэрлэн сумын “Оюуны шим” өрхийн эмнэлэгт 4,5-р багийн иргэд, “Ач манал” өрхийн эмнэлэгт 3,6-р багийн иргэд, “Хэрлэн дом” өрхийн эмнэлэгт 1,2-р багийн иргэд үйлчлүүлдэг бөгөөд ачаалал нэлээд ихтэй байдаг аж.
“Оюуны шим”, “Ач манал” өрхийн эмнэлгүүдэд 4 төрлийн шинжилгээг авч эхлээд байна. Цаашид дээрх хоёр өрхийн ЭМТ-ийн санхүүжилтийг бүрэн шийдэж, “Хэрлэн дом” өрхийн эмнэлэгтэй ижилхэн шинжилгээнүүд авах боломжийг бүрдүүлэх аж.
“Хэрлэн дом” өрхийн эмнэлэг нь 3 эмч, 3 сувилагч, 3 туслах ажилтантай 1,2-р багийн 7200 иргэн болон 1800 гаруй түр оршин суугчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэн ажилладаг байна.
Д.Одонтунгалаг