Болзолт уралдаанд Мөрөн сум тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-02 21:39:00

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны А/77-р захирамжаар нийт сумдын дунд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болзолт уралдааныг зарлаж дүгнэхэд Мөрөн сум 98 оноогоор тэргүүн байр эзэлжээ.

Удаах байрт Баян-Овоо сум 97 оноогоор, Баян-Адрага сум 95,8 оноогоор, Батнорв сум 95 оноогоор тус тус шалгарсан байна. Болзолт уралдааныг аймгийн Онцгой байдлын газар, БОАЖГ-аас  ажлын хэсэг томилогдон дүгнэжээ. Уралдаанд байр эзэлсэн  сумдад нэг бүр нь 235 мянган төгрөгийн үнэ бүхий ойн түймэр унтраах багаж буюу үлээгч мотор бэлэглэсэн аж. Тодруулбал Мөрөн суманд 4, Баян-Овоо суманд 3, Баян-Адрага суманд 2, Батноров суманд нэг үлээгч моторыг тус тус хүлээлгэн өгчээ.

Хэнтий аймгийн хэмжээнд 2015 онд 39 түймэр гарсан бол 2016 онд 17 түймэр /Дадалд 4, Норовлинд 4, Биндэрт 3, Баянхутагт 3, Дэлгэрхаанд 2, Хэрлэнд 1/ гарч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 48.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Д.Одонтунгалаг

Related news