Хэнтий аймгийн ЗДТГ хөгжилд хөтлөх дэд хөтөлбөрүүдээ иргэддээ танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-02 21:16:21

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд хэрэгжих 12 дэд хөтөлбөрүүдийн нээлтийн ажиллагаа сар шинийн босгон дээр Чингис хотноо зохион байгуулагдлаа.

Нээлтэд яам тамгын газрын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэдээс бүрдсэн 1000 орчим хүн оролцсон юм.

Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө нэлээд шаардлагатай тул зөвхөн улсын төсөвт найдаад суулгүй бусад эх үүсвэрүүдийг олох, гадны хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлуудыг зохион байгуулж, иргэдтэйгээ хамтдаа хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ” гэдгээ илэрхийллээ.

Энэхүү дэд хөтөлбөрүүдийг иргэдийн аж амьдрал, санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж, аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсан бөгөөд бүхэлдээ иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх, аялал жуулчлал, жижиг дунд бизнесийг дэмжих, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт олон санал санаачлага гаргасан хөтөлбөрүүд болсон хэмээн иргэд олон нийт үнэлж байгаа юм.

Тодруулбал, нийгэмд чиглэсэн “Бүх нийтийн эрх зүйн боловсрол”, “Архидалтгүй Хэнтий”, “Эрүүл мэнд, хөдөлгөөн, хөгжил”, аялал жуулчлал, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх чиглэлээр “Чингис брэнд”, “Хэнтий брэнд”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “Хоршоог хөгжүүлэх”, “Ажилтай орлоготой өрх”, бүтээн байгуулалтын чиглэлээр “Сумын шинэ төв”, “Манай гудамж-Гэрэлтэй гудамж”, “Мянган нуурын хотгор”, “Төрөлх нутагтаа бид” гэсэн 12 чиглэлээр хэрэгжих аж.

Д.Одонтунгалаг

Related news