Хэнтий аймгийн газар тариалангийн салбарт 3 жилийн хугацаатай төсөл хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Каритас Чех Репаблик (КЧР) Төлөөлөгчийн газар нь 2016 оны 2 дугаар сараас эхлэн Хүрээлэн буй Орчин, Сэргээгдэх эрчим хүч, Эв санааны нэгдлийн ЖЕРЕС Төрийн Бус Байгууллага болон Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо (МХААХҮХ)-той хамтран Хэнтий аймгийн газар тариалангийн салбарын иргэний нийгэм, хамтын ажиллагааг бэхжүүлэх 3 жилийн хугацаатай төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд Хэнтий аймгийн хүнсний ногооны салбарын өнөөгийн нөхцөл байдлыг судалж гаргахын тулд дараах 3 төрлийн суурь судалгааг Хэнтий аймгийн Өмндэлгэр, Мөрөн, Хэрлэн болон Биндэр сумдад тус тус хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
-Иргэний Нийгмийн Байгууллагын Зураглалын судалгаа (Каритас Чех Репаблик Төлөөлөгчийн газрын зааврын дагуу Монголын Эмэгтэйчүүдийн Сан энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн)
-Зах зээлийн судалгаа (МХААХҮХ хийж гүйцэтгэсэн)
-Газар тариалангийн судалгаа (ЖЕРЕС ТББ-ын зааврын дагуу “Агро Парис Тех” Их сургуулийн судлаач хийж гүйцэтгэсэн)- Биндэр суманд хийгдсэн байна.
Судалгаанаас гарсан үр дүнг орон нутагт танилцуулах зорилго бүхий уулзалт саяхан Чингис хотноо зохион байгуулагдаж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, Хэнтий аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, Хэнтий аймгийн хүнсний ногооны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ИНБ-ын төлөөллүүд оролцлоо. Мөн Франц улсын элчин сайдын яам, Чех Улсын элчин сайдын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Мерси Кор ОУБ болон Дэлхийн Зөн ОУБ-ууд тус тус оролцов. Энэхүү уулзалтыг зохион байгуулсанаар дараах 3 чиглэлээр Хэнтий аймгийн хүнсний ногооны салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаар зорьсон аж. Тодруулбал
- Хэнтий аймгийн хүнсний ногооны салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Иргэний Нийгмийн Байгууллагуудыг хөгжүүлэн чадавхийг сайжруулах,
- Хүнсний ногооны салбарын техникийн мэдлэг чадварыг нэмэгдүүлсэнээр бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлэх,
- Зоорь болон хүнсний ногоо хадгалалтыг шийдсэнээр хүнсний ногооны зах зээлийг сайжруулах,
Үүнээс гадна уулзалтад оролцогчид ИНБ-ын сүлжээний талаарх ерөнхий ойлголт, Хөдөө Аж Ахуйн зах зээлийн сувгууд, худалдан авах үйл ажиллагаа болон орон нутгийн хүнсний ногоо тариаланчдын техникийн нөхцөл байдлыг сайжруулах зэрэгтэй уялдаа холбоо бүхий мэдээ мэдээллийг олж авснаараа ач холбогдолтой байлаа.
Д.Одонтунгалаг