Гал бичин жилийн Хэнтий аймгийн  “Оны 9 алдартан” тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-22 20:57:23

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн 7 хоног тутмын тогтмол хэвлэл Хэнтийн мэдээ сонины редакциас хоёр дахь жилдээ санаачлан гал бичин жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-г тодруулах арга хэмжээг сар шинийн босгон дээр зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь зөвхөн Хэнтий аймгаас гадна Архангай, Орхон, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь зэрэг 12 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

2016 оны ажил үйлс, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хүмүүсийг алдаршуулах, ажил үйлсэд нь урам зориг нэмэх зорилготой Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-д нийтдээ 18 салбараас 42 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна. Нэр дэвшигчдийг дараах 5 үзүүлэлтээр авсан саналын тоог хувиар тооцоолон бодож, нэгдсэн дүнг гаргасан аж.  Үүнд:

-“Хэнтийн мэдээ” сонины уншигчдын санал-40%
-Хэнтий аймгийн салбар салбарын төлөөлөл 50 эрхэмийн санал-30%
-Тусгай дугаарт утас, мессежээр авсан санал-20%
-Эх орон 21.мн сайтын санал-10%-ийг тус тус бүрдүүлжээ.

Шалгаруулах үйл ажиллагаанд нийгэмд нэр хүндтэй салбар салбарын төлөөлөл болсон 50 эрхэм оролцож саналаа өгсөнөөс гадна “Хэнтийн мэдээ” сонины байнгын захиалагч 1500 гаруй хүний хоёрны нэг нь оролцож саналаа дугуйлан сонины хавсралтаа ирүүлсэн байна. Түүнчлэн ekhoron21.mn сайтаар нийт давхардсан тоогоор 9137 хүн цахим хэлбэрээр санал өгч, мөн тусгай дугаарт утас мессежээр нийт 3722 хүн саналаа өгчээ.

Ингээд эцсийн үр дүнд Хэнтийчүүд багш, хуульч, байгаль хамгаалагч, эрчим хүчний инженер, гуталчин, бизнесмэн, газар зохион байгуулагч-инженер, санхүүч, бүжгийн багш гээд нийгмийн 9 өөр салбарын төрөл бүрийн ажил мэргэжлийн, эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон дараах хүмүүсийг “ОНЫ 9 АЛДАРТАН” хэмээн хүндлэн өргөмжиллөө. Шилдгүүд дотроос шалгарсан шилдгийн шилдгүүдийг танилцуулбал,

Гал бичин жилийн “Оны тэргүүн алдартан”-аар: Гомбын Өлзийхутаг /“Тэмүүжин” цогцолбор сургуулийн Математикийн багш, математикийн судлагдахууны багийн ахлагч/
“Оны алдартан”-аар Базаргарьдын Сүхгомбо-\ Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч\
Осорын Цэндгомбо \БСШУЯ-ны харъяа Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга \
Чулуунсүхийн Ариунаа- \Хэнтий ЦТСС-ын Хангах үйл ажиллагаа хариуцсан менежер \
Дашпүрэвийн Баярхүү- /Хэнтий аймгийн Газрын харилцаа,  барилга хот  байгуулалтын газрын дарга \
Дашдоржийн Батчулуун -\“Мянган мөөжгий” ХХК-ийн гуталчин \
Баямаагийн Зоригтбаатар / “Дүүрэн богц” ХХК-ийн  захирал/
Жавзанхоролын Сувдмаа /Төрийн банкны Баян-Овоо тооцооны төвийн захирал/
Дашдоржийн Цогт-Эрдэнэ /Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгын Бүжиг дэглээч, бүжгийн багш.  МУСТА/ нар нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авч эхний 9-д шалгарчээ.

Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-д өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагааг сурвалжлахаар “Хэнтийн мэдээ” сонин, Эхорон21.мн сайт, Өндөрхаан тв, Хэнтий тв, радио, Хэнтий.мн сайт, Монцамэ агентлаг, ТВ-9, ТВ-5, Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевиз, Молор, Нутаг-21 телевизийн Хэнтий аймаг дахь сэтгүүлч, сурвалжлагчид ажиллалаа.

Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаанд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Хэнтий аймгийн ОБГ-ын дарга, ОБ-ын хурандаа Д.Батжаргал, Хөхөгчин хонин жилийн Хэнтий аймгийн Оны алдартан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч Н.Ариунаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Хэнтий аймгийн зураач урчуудын холбооны захирал Д.Батхуяг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, “Жимсний баяжмал” нөхөрлөлийн дарга Г.Оюун, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Наранхүү, МУГЖ дуучин С.Нансалмаа, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Монгол улсын 2011, 2013 оны орон нутгийн шилдэг хэвлэл “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч, МСНЭ-ийн Ган үзэгтэн шагналт сэтгүүлч Д.Одонтунгалаг нар уригдан оролцож, шагнал гардууллаа.

“Хэнтий аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөж буй салбар салбартаа манлайлагч, хөдөлмөрч бүтээлч, баялаг бүтээгч олон хүмүүс бий. Тэдний төлөөлөл болсон хүмүүсээс гал бичин жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан” тодорсон” гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо.

Энэхүү арга хэмжээ уламжлал болон ирэх жил мөн  зохион байгуулагдах юм байна.

Д.Одонтунгалаг

Related news