Хэрлэн сумын ахмадуудад өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга, Хэрлэн сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон иргэдийн ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтод ахмадууд хамрагдах боломж бүрдлээ.
Тодруулбал, Хэрлэн сумын ахмадуудын санал санаачлагын дагуу тус сумын ЗДТГ болон “Эвт” худалдааны төвийн удирдлагууд хамтран Хэрлэн сумын ахмадуудыг өрхийн орлогоо нэмэгдүүлэх нөхцөл боломжоор хангах зорилгоор хүнсний 2, барааны 4 лангууг тус тус нэг жилийн хугацаанд ямар ч үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон байна.
Хэрлэн сумын хэмжээнд гэрээрээ бараа бүтээгдэхүүн хийж, борлуулдаг 60 гаруй ахмад байдаг аж. Энэхүү лангуу ашиглалтад орсоноор гэрээрээ бараа бүтээгдэхүүн хийж, зарж борлуулдаг ахмадууд хүссэн үедээ зориулалтын талбайд худалдаа наймаа эрхлэх боломж бүрдэж байна. Мөн дулааны улиралд тус худалдааны төвийн гадна 50 мкв талбайг ахмадуудад зориулан үнэ төлбөргүй ашиглуулахаар шийдвэрлэжээ. Тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба орон нутгийнхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин нутгийн брэнд бий болгох, улмаар мөнгөний урсгалыг орон нутагтаа барих бодлого барин ажиллаж байгаа бөгөөд энэ бодлогын хүрээнд хийгдэж байгаа бас нэгэн ажил нь энэ юм.
Хэрлэн сумын удирдлагуудын зүгээс ч ахмадуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр олон ажлуудыг төлөвлөн ийнхүү хэрэгжүүлсээр байна.
Д.Одонтунгалаг