Отроор өвөлжиж байсан Хэнтий аймгийн малчдын суурьт шүлхий өвчин гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг Сэвсүүлийн Төмөртэйн зүүн урд энгэрт өвөлжиж байгаа Хэнтий аймгийн Батноров сумын малчин Ж.Бөхчулуун, Баян-Овоо сумын малчин С.Золхийморь нарын суурьт УМЭАЦТЛабораторийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17-424 тоот шинжилгээний хариугаар шүлхий өвчин оношлогджээ.
Иймд тус сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/11 дүгээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэх захирамж гарган мөрдүүлж байгаа аж.
Одоогийн байдлаар 3 өрхийн 16 үхрийг устган 50м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж анхааруулах пайз байрлуулсан байна.
Мөн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Зэлийн энгэр гэдэг газар нутаглаж байгаа Хэнтий аймгийн Норовлин сумын Баян-Өлзий багийн малчин Х.Ганбатын суурьт 20 үхэр шүлхий өвчний шинж тэмдгээр өвчилсөн тул тусгаарлах арга хэмжээг авч, Норовлин сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/16 тоот захирамжаар Хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Дээрх сум орон нутгаас мал, мах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, малчдад мал, махны гарал үүслийн гэрчилгээ олгохыг хориглоод байна.
“Дорнод, Сүхбаатар аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Овоо, Норовлин, Батноров, Баянхутаг, Дадал, Жаргалтхаан зэрэг сумдад шүлхийн тарилга нийт 264,2 м/тунг олгож, тарилгын ажил хийгдэж байна. Тарилганд 5 сумын 8 багийн 193 өрхийн тэмээ 220, үхэр 16078, хонь 98339, ямаа 57144 мянга буюу нийт 171,7 мянган мал хамрагдаж, тарилга 35,6 хувьтай явагдаж байна” хэмээн Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Д.Одонтунгалаг