Хэнтийн музейд  2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-16 23:34:48

Хэнтий аймгийн музей нь Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей гэсэн 2 салбартай бөгөөд Хэнтий аймгийн түүх, шашин, угсаа нийтлэгийн онцлогийг харуулсан 2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагддаг байна.

Нийтдээ шашны зан үйлийн, угсаатны зүйн, сэцэн ханы, ардын тоглоом наадгайн, түүхийн, байгалийн, алдартнуудын, ардчиллын, уран зургийн гэсэн үзүүллэгийн 10 танхимтай аж.

Сэцэн ханы ордон музей нь Халхын угсаа залгамжилсан Сэцэн хануудын зуны ордонд байрладаг. Тус музейн цуглуулгад угсаа залгамжилсан Сэцэн хануудын эдэлж хэрэглэж байсан үнэт ховор эд зүйлс, Халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, өвгөн ноён Минжүүрдоржийн Пүрэвжавын хэрэглэж байсан эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгийн зурагнууд, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт олноороо суурьшдаг Халх, Буриад, Хамниган угсаа нийтлэгүүдийн ахуй соёлыг харуулсан угсаатны зүйн үзмэрүүд, шашны эд зүйлс, үнэт ховор судар ном, бурхан шүтээнүүд хадгалагддаг байна. Харин Орон нутгийг судлах музейн үзмэр бүтээл нь аймгийн түүх соёлын дурсгалт газрын зураг, уран зураачдын бүтээл, аймгийн үзэсгэлэн төгс байгалийн олдвор ан амьтан, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээжис, Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын намтар түүхийг харуулан дэглэгдсэнээрээ онцлогтой аж.

Тус аймгийн музей нь 1949 онд орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан түүхтэй бөгөөд 1982 онд Халхын Сэцэн ханы зуны ордноос үлдсэн 5 барилгыг сэргээн засварлан угсаатны зүйн музей болгон ийнхүү өргөжүүлжээ.

Д.Одонтунгалаг

 

Related news