Загасны зөвшөөрөл олгох системийг анх удаа Хэнтийд туршилтаар хэрэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙӨнгөрөгч 2016 онд ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах барих зөвшөөрөл олгох системийг оновчтой болгох, хялбаршуулсан шийдлийг олж нэвтрүүлэх зорилгоор “EZAGAS.MN” веб сайтыг Хэнтий аймгийн Онон голын агнуурын бүс нутагт туршилтын хэлбэрээр нэвтрүүлжээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлсэн энэхүү ажил нь Монгол орны хэмжээнд анхдагч байснаараа онцлог юм.
Ахуйн зориулалтаар эрхийн бичиг олгох EZAGAS.MN веб сайтад 2016 оны 8-р сараас хэрэглэгчид хандаж эхэлсэн бөгөөд оны эцсийн байдлаар нийт 179 хэрэглэгч бүртгүүлж, 4000 гаруй иргэн хандаж, 9 хэрэглэгч санал өгч, 5 хэрэглэгч зөвшөөрөл авсан байна.
Энэхүү сайт ашиглалтад орсноор иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, цаг хэмнэсэн, нэг дороос илүү их мэдээлэл авах боломжтой, мэдээллийн бааз үүсэх боломж бүрдсэн гэх мэт олон давуу талууд ажиглагджээ. Гэвч сайтыг ажиллуулахад Цаашид ямар бүтцээр явах вэ? Хэн удирдан ажиллуулах вэ? Хэн хянах вэ? Эрх зүйн орчинд яаж өөрчлөлт хийх вэ? зэрэг олон асуултууд тулгарсан аж.
Иймээс энэхүү ажлын үр дүнг хэлэлцэж, цаашдын эрх зүйн орчинд өөрчлөлт хийх дүн шинжилгээний хэлэлцүүлгийг Чингис хотноо саяхан зохион байгууллаа. Тус сургалт хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн ИТХ, СТСХэлтэс, МХГ, Татвар, БОАЖГ-ын төлөөллүүд, Дадал, Батширээт, Биндэр, Баян-Адрага, Норовлин сумд болон Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ-ын дарга, БОХУБайцаагч, байгаль хамгаалагч, Төрийн сангийн төлөөлөл, Татварын улсын байцаагчид, Онон, Хэрлэн голын загасчдыг клубын гишүүд, Хэрлэн, Онон, Улз голын сав газрын захиргааны дарга мэргэжилтнүүд зэрэг нийт 60 гаруй албан тушаалтан, гишүүд хамрагдав.
Оролцогчид Хэнтий аймгийн Онон голын агнуурын бүс нутагт туршилтын хэлбэрээр нэвтрүүлсэн дээрх ажлын сул болон давуу талуудыг тодорхойлон, гарах арга замуудыг хэлэлцүүлэн холбогдох газарт уламжлахаар болсон байна.
Мөн 2017 онд Хэнтий аймгийн Батширээт, Баян-Адрага, Биндэр, Дадал, Норовлин сумдын Онон гол дагуух агнуурын бүсүүдэд загасны зөвшөөрлийг ахуйн зориулалтаар олгохдоо цахим хэлбэрээр буюу EZAGAS.MN сайтаар дамжуулан олгохоор зөвшилцсөн аж.
Д.Одонтунгалаг