Чингис хотынхон утаатай тэмцэх сануулга өгч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-08 15:51:31

Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутагт агаарын бохирдол өвлийн улиралд ихсэж байна. Агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг сануулж Хэнтий аймгийн төв Чингис хотынхон, Хэрлэн сумын ЗДТГ-аас “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагчаар Хэнтий аймаг дахь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн Эрүүл мэндийн газар, Стандарчлал хэмжилзүйн газар, УЦУОШГ, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ийн харъяа Хэнтий ЦТССалбар, “Хэнтий-Ус” ХХК зэрэг байгууллагууд оролцлоо. Уг арга хэмжээний зорилго нь утаанаас хэрхэн салах вэ, үүнд төрийн болон иргэдийн зүгээс ямар оролцоотой байх, дулаан хангалтыг шийдэж байгаа сүүлийн үеийн технологиуд юу байгаа талаар Чингис хотын ард иргэдэд танилцуулах байв. Тус үйл ажиллагаанд Улаанбаатар хотоос болон Дорнод аймгаас барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг импортлогч компаниуд, бүх төрлийн цахилгаан халаагуур үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд, газ болон түлш бага зарцуулдаг, утаа бага ялгаруулдаг зуух үйлдвэрлэгч компаниуд, 2 тарифт тоолуур нийлүүлэгч компани зэрэг аж ахуйн нэгжүүд болон Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны төв, Хэнтий эм хангамж эмийн сан хамтран иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгөх, мэдлэгийг нь дээшлүүлэхэд чиглэсэн  үйл ажиллагаа зохион байгуулж оролцлоо.

Ард иргэд “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаад сайшаалтай хандаж байсан юм.

Үзэсгэлэн худалдаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат нар оролцож, Хэрлэн сумын гэр хорооллын айл, өрхийг 2 тарифт тоолуураар хангах санхүүгийн боломжоо судлан үзэх, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах гарцыг хайж үзэхээр боллоо.

Түүнчлэн тус өдөр аймгийн Иргэний танхимд “Ультра соник” ХХК Орон сууц, барилга байгууламжийн бие даасан халаалт, хэрэглээний халуун ус, бохирыг шийдэх орчин үеийн технологийн шийдлүүд, дулааны эдийн засгийн үр ашгийг хэрхэн дээшлүүлэх талаар сургалт ард иргэдэд зохион байгуулж, мөн МХАҮТ-ийн Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газраас Ногоон хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, ногоон амьдралын хэв маяг сэдвүүдээр үнэ төлбөргүй сургалтууд зохион байгууллаа.

Өвлийн улиралд Хэнтий аймгийн төв Чингис хотын салхины чиглэл баруун өмнөөсөө байдаг бөгөөд хотын агаарын чанарыг аймгийн УЦУОШГ–ын байгаль орчны шинжилгээний лабораторид жилийн турш шинжилдэг байна. Шинжилгээний дүнгээр Нисэх орчимд агаарын чанар цэвэр, хотын төв буюу ясли, эмнэлэг, Хан Хэнтий чуулга, гэр хороолол буюу Баянмөнх баг, Хан Хэнтий цогцолбор сургуулийн орчимд агаарын бохирдол ердийнхөөс 5-6 дахин их буюу зарим үед 10 дахин их бохирдолттой байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь агаарын “бага бохирдолт” гэсэн ангилалд орж байгаа юм.

Д.Одонтунгалаг

 

Related news