Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-02 14:58:19

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НЗД С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд түүний хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө цогтой тэмцэгч Д.Сүхбаатарын түүх Монголын өнөөгийн ололт, амжилттай салшгүй холбоотой гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан цэцэг өргөх ёслолын үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Д.Сүхбаатар 1912 оноос цэргийн эрдэмд суралцаж, хувьсгалт үйл хэрэгт оролцож. 1921 онд Монгол цэргийн жанжнаар томилогдон Хиагтыг чөлөөлөх хувьсгалт үйл ажиллагааг зохион байгуулсан. Улмаар Монгол Улсад анх удаа улс төрийн нам байгуулсан нь өнөөгийн МАН юм. Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тэмцэж байсан түүхэн хүмүүсийн үйл хэрэг, гавъяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах чиглэлд бид анхаарч ажиллах ёстой. Сүүлийн жилүүдэд Их жанжны Монгол Улсад оруулсан хувь нэмэр, түүхийг үгүйсгэх оролдлого гарах болсон. Тухайлбал, түүний нэрэмжит талбайн нэрийг өөрчилж, улмаар иргэдийн эсэргүүцэлтэй тулж, буцааж байсан. Бидний өвөг дээдэс амь нас, амьдралаа зориулсан байж энэ Монголыг байгуулсныг бид мартах учиргүй” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news