Малчин Д.Амарсайханых жилдээ 20-30 саяын орлоготой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-30 18:09:15

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төв аймагт ажиллах үеэр Борнуур сумын Нарт багийн малчин Д.Амарсайханы гэрт зочилсон юм. 

Д.Амарсайхан Борнуурын уугуул. 1990 онд Цэргийн их сургуульд элсэн суралцсан ч хоёр жилийн дараа сургуулиа орхиод малчин болсон нэгэн. Эдүгээ эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр А.Баярсайхан нь сувилагч, бага эмч мэргэжилтэй ч мал дээр гарчээ. Тэднийх дөрвөн төрлийн 600 гаруй малтай. 2009 оноос 5 га талбайд ногоон тэжээл тариалахын зэрэгцээ 20 га талбайгаас шаардлагатай өвс тэжээлээ өөрийн хадлангийн техникээр базаадаг. Ер нь бол сиймхий ухаантай, ажлын дөртэй өрхийн тэргүүн. 

Тэрбээр МАА-н салбарт 25 жил ажиллажээ. Өсөхөөс аваад өнөөг хүртэл хуримтлуулсан туршлагадаа тулгуурлаж, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь дээшлүүлэх, малын арчилгаа маллагааг сайжруулахад онцгой анхаарч иржээ. Энэ тухайгаа Д.Амарсайхан, “Сүүлийн жилүүдэд бэлчээрийн гарц муудаж байна. Тиймээс малын тоонд биш чанарт анхаарахгүй бол үр шимийг нь хүртэнэ гэхэд амаргүй болсон. Анх саалийн нэг үхэр, таван хонь, нэг азрага адуутай л байсан. Манайх малынхаа чанарыг илүү эрхэмлэдэг. Үхрээ сүүний, адуугаа хурдны, хонийг махны чиглэлээр өсгөж байна. Өдөртөө нэг үнээнээс 16-21 литр сүү авдаг. "Сүү” ХК-тай гэрээтэй. Жилийн дөрвөн улиралд тэднийд сүүгээ нийлүүлдэг. Одоо сүүгээ 900 төгрөгөөр борлуулж байна. Зөвхөн сүүнээс жилд 10 сая, махнаа мөн 10 сая төгрөгийн орлого олдог. Жилийн нийт орлого 20-30 сая төгрөг. Хүн хөдөлмөрлөх л юм бол үр шимийг нь хэзээд үздэг. Үеийнхэндээ хандаж хэлэхэд хөдөө ирээд амьдрахад боломж байна. Манайх сардаа хоёр сая төгрөгийн орлоготой. Солонгост ажиллаж байхаар нутагтаа тааваараа амьдрах хэрэгтэй. Энэ жилийн тухайд мал бэлчээрт гарахад хэцүү, цас зудтай байгаа ч өвс тэжээл сайн авсан болохоор харьцангуй өнтэй өвөлжиж байна” хэмээн хуучлав. 

Д.Амарсайхан малчных нэг өрхийг туслах малчнаар авч ажиллуулдаг. Туслах малчин нь 400 мянган төгрөгийн цалинтай. Түүнчлэн гурван өрхөд 100 бог, 10 бод өгч малжуулснаас гадна орон гэргүй нэг өрхийг иж бүрэн гэртэй болгожээ. Мал маллаж байгаа хүмүүс өөрсдөө л эр зоригоороо мал дээр гардаг. Эсвэл хотод ажлын байргүй болохоороо хөдөө рүү шахагддаг. Үүний оронд салбарын яаман дээр юм уу эсвэл орон нутгийн засаг захиргаандаа хандаад хүсэлтээрээ мал дээр гарч байгаа тохиолдолд төрөөс хэрхэн дэмжих боломж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгаас энэ үеэр тодруулсан.

Тэрбээр, “Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажлын байр маш олон байна. Хот орчимд хөдөө аж ахуйг эрчимжсэн байдлаар, алслагдсан бүс нутагт бэлчээрийн аж ахуйг дэмжиж хөгжүүлэх нь чухал. Саалийн цөөхөн үнээтэй хэдий ч амьжиргаагаа аваад явах боломж байна. Хот, суурин газар, сум орон нутагт ажил хайж байгаа залуучуудад дэмжлэг үзүүлж Засгийн газраас малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2000 гаруй залуусыг энэ хөтөлбөрт хамруулна. Хөдөөнөөс хот руу шилжсэн нүүдэл ялангуяа, залуусын дунд их байсан. Одоо хөдөө орон нутагт очиж ажиллая, мал аж ахуй эрхэлье гэсэн хүсэл тэмүүлэлтэй залуус олон болж байна. Ийм залуусыг Засгийн газраас дэмжинэ” гэсэн юм. 

Төв аймгийн Баянчандмань, Борнуур суманд ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилолтынхоо зорилгыг базаж төгсгөлд нь хэлэхдээ, “Монгол малын мах хамгийн амттай, сайхан гэдгийг бид мэддэг. Гэтэл өөр бусад орны хүмүүс мэдэхгүй. Ийм учраас олон улсын стандарт шаардлагад нийцсэн мал аж ахуйг бид хөгжүүлэх ёстой. Эрүүл малтай байж гэмээ нь манай малын мах чанартай, амин дэм ихтэй гэдгийг сурталчлах учиртай. Тиймээс ч мал эмнэлгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, малаа эрүүлжүүлэх нь ойрын зорилт юм. Засгийн газар малын гаралтай түүхий эдээ борлуулъя, мах экспортолъё гэж зорилт тавьсан ч дэлхийн зах зээлд худалдаалах бололцоогүй байна. Малаа эрүүлжүүлж байж бидэнд ийм боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, Манай улс жижиг зах зээлтэй. Тийм учраас бид 70 сая малынхаа ашиг шимийг экспортлох асуудлыг шийдэх ёстой. Гаднын хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэж чаддаг байх ёстой. Үүний тулд Засгийн газар ажиллана” гэлээ.

Ерөнхий сайдыг ирэх сургаар Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр малчин Д.Амарсайханыд ирсэн байв. Тааралдсан боломжийг ашиглаад өвөлжилтийн нөхцөл байдлыг тодрууллаа. 

-Мал тооллогоор хэчнээн мал тоолуулав. Өвөлжилт өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байна даа? 

-Мал тооллогоор 113 мянган мал тоолуулсан. Энэ жилийн хувьд өвөлжилт нэлээн хүндэрсэн сумын тоонд орж байгаа. Ер нь бол малчид болон сумын зүгээс тодорхой хэмжээний бэлтгэл ажлыг хангасан.

 -Сумын төвийн өвөлжилт ямар байдалтай байна?

-Сумын төвийн хувьд өвөлжилт хүндрэлтэй байгаа. Та бүхэн замдаа харсан байх. Хамгийн гол нь мал бэлчих бэлчээргүй болоод байна.

-Танайх Улсын онцгой комисст хандсан уу? 

-Аймаг болон онцгой байдлын зүгээс тодорхой хэмжээний өвс тэжээлийн тусламж үзүүлж байгаа. Эхний ээлжинд 20 тонн өвс, 10 тонн тэжээл хүлээж авлаа. Үүнийг бид цас зудны байдлаас шалтгаалж малчидтайгаа зөвлөлдөж байгаад тараана.
 

-Цасны зузаан хэр байна?

-Хунгар газраа 35 см. Нимгэн газраа 15-20 см зузаантай байна. Ерөнхийдөө зудын байдалд орсон. 

-Малын хорогдож байна уу? 

-Одоогоор гайгүй байна. Гэхдээ хавар уртсаж хүндрэх юм бол өвс тэжээлийн дутагдлаас гадна мал бэлчээргүйдэлд хүрэхээр байна. 

-Цаг хүндэрсэн үед малчдад туслах аян өрнүүлдэг. Ийм санаачлагууд гарч байна уу?

-Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлтэйгөө өчигдөрхөн энэ талаар ярьсан.

-Отрын бүс нутагт байгаа малчин өрх байна уу? 

-Төв аймгийн Цээл сум, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутагт 10 гаруй өрхийн 9 мянган толгой мал өвөлжиж байна. Эдгээр айл өрхүүдтэй мэргэжилтнүүдээрээ дамжуулан холбогдоод нөхцөл байдалтай нь танилцаж байна. Мөн тухайн сумдын Засаг дарга нартай холбогдоод вакцинжуулах ажлыг хийлгүүлсэн. Ер нь байнгын холбоотой байгаа. 

-Шатахууны нөөц хэр байна. Эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна уу? 

-Цас зудтай холбоотойгоор шатахуун хүрэлцэхгүй байна. Энэ тал дээр анхаарлаа хандуулж байгаа.

-Халаалт дулаан хэвийн үү. Ханиад томуу хэр байна вэ?

-Манай сум нэгдсэн халаалтад холбогдсон учир бүх аж ахуй нэгжид асуудал байхгүй. Бага насны хүүхдүүдийн дунд ханиадны дэгдэлт их талдаа. Сургуулийн ирц нь ерөнхийдөө багассан.

Б.Туул

Related news