Чингис хааны тахилга Чикаго хотод болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-26 16:02:26

Гадаадын улс оронд эх орон, соёл уламжлалаа сурталчлан таниулж яваа олон иргэд байдаг. Тэдний нэг нь АНУ-ын Чикаго хотын Монголын буддын соёлын Гандан төвийн тэргүүн, гэвш Хэнтий аймгийн уугуул Б.Эрдэнэбат юм.

Тэрбээр алс хол Америкт ажиллаж амьдарч байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хүндэтгэж, “Монгол бахархлын өдөр”-ийг анх удаагаа санаачлан АНУ-д тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ арга хэмжээнийх нь талаар түүнтэй холбогдож тодруулсан юм.

Монголын буддын соёлын Гандан төвийн тэргүүн, гэвш Хэнтий аймгийн уугуул Б.Эрдэнэбатын санаачилсан энэхүү үйл ажиллагаа 700 гаруй жилийн туршид Чингис хааныг тахиж ирсэн Монгол уламжлал, Сэцэн хааны нутагт оршиж байсан  “Туг Чингисийн сүм”-ийн Тахилгын жаягийг сэргээн хийснээрээ тун онцлогтой юм. Тус арга хэмжээнд АНУ дахь  Монгол улсын Элчин сайдын яам, Монгол соёлын байгууллагууд, Хилийн чанад дахь Монголын Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл дэмжин оролцсон байна.

Арга хэмжээнд зориулж  АНУ-ын Чикаго хотын Монголын буддын соёлын гандан төвөөс Чингис хааны тахилгын судрыг Монгол, Англи, Төвд, Монгол бичгээр эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд судрыг  залсаны ач холбогдол нь хөх Монголын үр сад эвтэй, хүчтэй байж, тусгаар тогтнол бат, гал голомт ариун байхын билэгдэл болдог ажээ. Америк оронд нээлтээ хийсэн уг судрыг 21 аймгийн номын сан, 21 аймгийн сүм хийдэд хандивлан нийтийн хүртээл болгох ажил манай аймгаас эхлээд байна.   

Энэ хүрээнд Чингис хааны тахилгын судрыг Хэнтий аймгийн Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийдүүд, Чойномын нэрэмжит төв номын сан, сургуулийн номын сангуудад залаад байна.

Эзэн богд Чингис хааныг Монголын буддизмд Очирваань бурханы хувилгаан гэж үздэг бөгөөд үүнээс улбаалан түүхэн эх сурвалж мөшгөвөл Өгөөдэй хааны эхлүүлсэн Чингис хааныг тахих тахилгын зан үйл 700 гаруй жил үргэлжлэхдээ Хубилай хаанаар дамжин хөгжиж явсаар буддын шашны зан үйлээр тахидаг болж, судар ном нь зохиогдсон түүхтэй.

Автай сан хааны үед Чингисийн тугийг тахидаг тусгай лам нар байсан бол, Сэцэн хан аймагт 1863 онд То Ван Тогтохтөрийн байгуулсан "Туг Чингисийн сүм"-ийн бүх зан үйл 1937 он хүртэл тасралтгүй буддын дэг ёсоор явж ирэхдээ Монгол лам нар жилд 5 удаа Чингис хааныг тахиж байсан нь Монголын бас нэгэн соёлын томоохон үйл хэрэг байсан юм.

“Туг Чингисийн сүм” нь хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон ч  гэрэл зураг, дотоод зохион байгуулалт, дэг ёс нь  түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.

Д.Одонтунгалаг

 

Related news