"Засаг даргын дэргэдэх зөвлөл"-ийг нийгмийн бүхий л салбарын шилдэг хүмүүсээр шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-25 15:50:47

Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгэм, эдийн засгийн бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий Өргөтгөсөн зөвлөлийг байгууллаа.

Уг зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, Иргэдийн төлөөлөл, бизнес эрхлэгчид багтсан бөгөөд 25-30 хүний бүрэлдэхүүнтэй байх аж.

Зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын  Ерөнхий сайд асан  Ш.Гунгаадорж, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, ШУА-ийн академийн Ерөнхийлөгч  Д.Рэгдэл,  МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг,  НИТХ-ын дарга асан  Т.Билэгт, “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч  Ж.Од, Улаанбаатар хотын худалдааны танхимын  Ерөнхийлөгч  Ж.Оюунгэрэл нарын салбар, салбарын  нэр хүндтэй хүмүүс багтжээ.

"Туушин" зочид буудалд болсон Өргөтгөсөн зөвлөлийн анхны хуралдаанаар энэ онд  хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар  хэлэлцлээ.  

Хотын дарга 20 жилийн турш явж ирсэн  "Засаг даргын дэргэдэх зөвлөл" хэмээх цөөхөн тооны төрийн захиргааны албан тушаалтны бүрэлдэхүүнийг ийнхүү өөрчилж, олон нийтийн байгууллага болон иргэдийн төлөөллийг оролцуулахаар болжээ.

Тэрээр шинэ бүрэлдэхүүнийг шийдвэрийн хэрэгжилтэд сайнаар нөлөөлж, оновчтой шийдвэрүүд гарна хэмээн үзэж буй аж.

Ийнхүү шинэ бүрэлдэхүүнтэй болсон "Зөвлөх баг" улиралд нэг удаа Засаг даргын  захирамж, шийдвэрийн талаар зөвлөлдөх юм байна.

Анхны хуралдаанд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг танилцуулсан юм.  2017 оны хувьд  эдийн засгийн нөхцөл байдал  амаргүй байгаа ч нийслэлийн удирдлагууд  шалтаг тоочин гараа хумхиж суухгүй нь ээ. Тэд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж, иргэн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийхээ мэдэгдлээ.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс хойш 32 жилийн турш нэг ч эмнэлэг бариагүйг таслан, эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхээр зорьсон байна. Энэ дөрвөн жилд багтаан 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн  эмнэлэг, эрүүл мэндийн  10  төвийн барилгыг шинэчилж,  дүүргийн эмнэлэг болон өрхийн эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргах ажээ.

Мөн иргэдийг тав тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко хот болгоход анхаарч ажиллах юм байна. Авто замын салбарт гэхэд Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “BRT” төслийг эхлүүлэн 2019 онд эхний дөрвөн шугамыг ашиглалтад оруулах гэнэ. Түүнчлэн  томоохон гурван гүүрийг шинэчлэн  Улаанбаатар-Чойр чиглэлийн дөрвөн урсгалтай авто замын ажлыг гүйцэтгэх юм байна.  

Боловсролын салбарын хувьд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөтгөхөөр төлөвлөжээ.

Зөвлөлийн гишүүд  хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар санал бодлоо илэрхийлж, хотын эрх  зүйн байдлыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарахыг онцлов. 

Б.Заяа

 

Related news