Хэнтий аймгаас сонгогдсон АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-09 19:41:07

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачлан шинэлэг хэлбэрээр олон ажлууд зохион байгууллаа. 

Тухайлбал энэ сарын 9-ний өдөр аймгийн удирдлагууд болон АИХ-ын депутатууд жанжин Пунцагийн хөшөөнд цэцэг өргөж, Монгол улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд БНМАУ-ын АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуулийн Хэрлэн сум, “Өндөрхаан” САА-н 419, 425 дугаар тойргийн депутат Б.Нэргүй, П.Ганзориг нарын дурсгалын самбарыг Хэрлэн сумын “Иргэний танхим”-д байрлуулах ёслолын ажиллагаа, Ардчилсан Үндсэн хуулийн гудамжтай танилцах арга хэмжээнүүдэд тус тус оролцов.

Мөн АИХ-ын депутатуудын ажил, амьдралын түүх, дурсамжийг өгүүлсэн “Төр түшилцсэн түмний элчүүд” номны нээлт, хэвлэлийн бага хурал болж, 11 депутат хүрэлцэн ирж оролцож, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Дараа нь Хэнтий аймгаас төрөн гарсан “Аймгийн арслан” цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж, улсын начин Э.Даш түрүүлж, аймгийн арслан Ш.Отгонтөгс үзүүрлэлээ.

Одоогоос 25 жилийн өмнө 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их Хурлаар Монгол Улсын дөрөвдэх Үндсэн хуулийг батлахад эх орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн очсон АИХ-ын 420 гаруй депутат дунд Хан Хэнтийгээс сонгогдсон 23 депутат оролцсоноос өдгөө 16 депутат энх тунх амьдарч байна. 

Д.Одонтунгалаг

 

 

 

 

Related news