М.Батбаяр:Улсын бүх сумын нутгийн зөвлөлүүдийн Үндэсний чуулган зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙУлаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Баян-Овоо сумын уугуул М.Батбаяртай нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн зохион байгуулсан. Яг ямар ямар чиглэлд ажиллах вэ?
-Өнгөрсөн намар нутгийн зөвлөл шинэчлэгдэн зохион байгуулагдсанаас хойш олон чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна. Ер нь нутгийн зөвлөл гэдэг бол Хан Хэнтий нутгийн уугуул суугуул ард иргэдийн эв нэгдэл, бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэгч хүч байх ёстой. Бид нэгдүгээрт хүний нөөц талаасаа Хэнтий нутгийнхны боломжийг судлан сан бий болгох, хоёрдугаарт тэдгээрийн бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах, гуравдугаарт Хан Хэнтий нутгийг ирээдүйн хөгжлийн гарц талаас нь тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, бүс нутгийн хөгжлийн уялдааг ханган, бодитой ажил болгох тал дээр үр дүнд хүргэж ажиллана. Гүйцэтгэх захирлын тухайд нутгийн зөвлөлийн удирдах зөвлөл, сумдын дарга нар, гүйцэтгэх ажлын алба, тэргүүлэгчдийн хоорондын уялдаа мөн өдөр тутмын үйл ажиллагааг хангаж ажилладаг өндөр хариуцлагатай ажил. Миний хувьд нутаг усныхаа төлөө зүтгэх нь үүрэг гэж ухамсарлан хичээн ажиллаж байна.
-Та бүхний 2016 онд нэгдэж нийлж, хийж бүтээсэн ажлуудаас сонирхож болох уу?
Бололгүй яахав. Хамгийн анх 2016 оны 9 дүгээр сарын 3-ний өдөр Хэнтий Аймгийн Нутгийн Зөвлөлийн Тэргүүлэгчдийн ээлжит хурлаа зохион байгуулж, шинэ тэргүүлэгчдээ сонгож, бүтцээ өргөжүүлэн 199 тэргүүлэгчид, 9 дэд даргатайгаар ажиллахаар болсон. Мөн нутгийн зөвлөлийнхөө дэргэд бодлогын зөвлөл, хяналтын зөвлөл, зөвлөх багуудыг байгуулсан.
-Хэнтий аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
-Хэнтий аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болон Засгийн Газрын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ.
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Жонан Ханчэн гэгээнийг ширээнд залж, Бат-Оршил өргөх ёслолыг нутгийн зон олонтойгоо хамтран амжилттай зохион байгууллаа.
- Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Батчимэгт хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулж, залуу дуучин Э.Чинбатын бие даасан тоглолт, бөхийн тэмцээнийг тус тус дэмжин оролцлоо.
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат МУСТА, кино зохиолч, найруулагч Б.Мөнхтуяагийн “Ээж” УСК Asian World Film Festival-д оролцоход дэмжлэг үзүүлсэн.
- 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий Аймгийн Нутгийн Зөвлөлийн албан ёсны байрны нээлтээ хийлээ.
- “Малчиддаа туслая” сайн үйлсийн аяныг зарлалаа.
-Хамгийн сүүлд “ХААН ШОНХОР” тэргүүн ёслолыг зохион байгуулж, Хан Хэнтий нутгийн шилдгүүдийг тодрууллаа.
- Энэ жилийн шилдэг нутгийн зөвлөлд Баян-Овоо сум маань өрсөлдлөө. Танай нутгийн зөвлөл ямар ажил амжилттай шинэ оныг угтав даа?
-Өөрийн төрөлх Баян-Овоо сумынхаа нутгийн зөвлөлийн даргаар 2003 оноос хойш ажилласан. Манай нутгийн зөвлөлийн тухайд сум орон нутаг руугаа чиглэсэн сэтгэлгээний өөрчлөлт, оюуны хөрөнгө оруулалт хийх тал дээр олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилдаг чадварлаг хамт олон байдаг. Баян-Овоо сумын нутгийн зөвлөл нь 2011 оны шилдэг нутгийн зөвлөл. Бид 2016 оныг олон бүтээлч хамтын ажиллагаагаар үдэж байгаагийн хамт нэг сонин дуулгахад 2017 онд бид Монгол улсын бүх сумдын нутгийн зөвлөлүүдийн Үндэсний хэмжээний анхдугаар чуулганыг санаачлан зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа.
-Сайхан санаачлага байна шүү. Ингэхэд Таны удирддаг “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК 15 жилээр алсыг харсан хотын төлөвлөгөө, сумдын хөгжлийн төлөвлөгөөг баталсан байх аа?
-Тийм ээ. Аливаа хот суурин газруудыг 15-20 жилээр урьдчилан харж, үе шаттайгаар хэрэгжүүлэн хөгжил дэвшилд хүрдэг. Хэнтий аймгийн Чингис хотыг цаашид 4 чиглэлээр хөгжинө гэж үзсэн. Үүнд:
1. Бүс нутгийн тулгуур төв хотын үүргийг гүйцэтгэгч хот
2. Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн хот
3. Аялал жуулчлалын хот
4. Эко ногоон хот, smart city
Хотын хөгжил гэдэг бол тухайн хотын иргэдийн ажиллах, амьдрах, амрах орчныг хэрхэн бүрдүүлсэнээр үнэлэгднэ. Тиймээс ажиллах орчин хамгийн чухал. Жишээ нь Хэнтий аймаг нь тал хээр, хангай хосолсон, мал аж ахуйн орон нутаг гэдэг утгаараа хөдөө аж ахуйн салбарт суурилсан хөнгөн хүнсний үйлдвэрлэл, дэвшилтэт техник технологи, инноваци шингэсэн үйлдвэрлэлийн хот байх нь хөгжлийн үндэс гэж тодорхойлсон. Мөн сумдын хөгжлийн гарцыг тодорхойлж, тэр дундаа сум бүрт түүхчдийн багийн оролцоотойгоор их эзэн Чингис хаантай холбоотой түүхийг тодорхойлсон нь онцлог юм.
-Ярилцсанд баярлалаа. Нутгийн зон олондоо хандаж?
-Хан Хэнтийн нутгийн зон олондоо шинэ оны мэндийг хүргэж, 2017 ондоо олсон ололт амжилтаа улам бататган, их түүхт өлгий нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөх нь хүн бүрийн үүрэг гэж ухамсарлан хичээгээрэй гэж хүсэж уриалж байна.
Д.Одонтунгалаг