Хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-09 15:06:58

Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Улсын болон орон нутгийн чанартай баталгаажсан зам болон нутгийн зам, гудамж, талбай, газар нутаг, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах” ажлын хүрээнд өнгөрөгч онд сургалт зохион байгуулан ажиллажээ.

Сургалтыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлын гүйцэтгэгч “Геокад” ХХК, ГХГЗЗГ-тай хамтран зохион байгуулсан аж. Уг сургалтад аймгийн 18 сум, 4 тосгоны ажлын хэсгийн гишүүд болон сумдын Засаг дарга зэрэг нийт 153 хүн хамрагдаж, Хаягжуулалтын тухай хууль, журам, стандарт болон хаягжуулалтын үйл ажиллагааны технологийн дарааллын талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө авсан байна.

Үүний үр дүнд сумын төвийн 1:1000-ны масштабтай зурагт гудамж талбай, газар нутаг, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулж, сумын нутаг дэвсгэрийн 1:100000-ны  масштабтай зурагт бүх төрлийн зам, газарзүйн нэр, өвөлжөө, хаваржаа, түүх соёлын дурсгалт газрыг хаягжуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн аялал, амралт жуулчлал, рашаан сувиллын газрууд, тэдгээрт хүрч очих хээрийн замууд, гудамж, талбай, газар нутаг, үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь тодруулж, зурагт оруулан сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хаягжуулалтын мэдээллийн сан, ажлын зураг, тайлан мэдээг аймгийн 18 сум 4 тосгонд хүргүүлжээ.

2016 онд Баян-Овоо, Мөрөн сумд сумын төвийн хаягжуулалтын ажлыг хийсэн байна.

Д.Одонтунгалаг

 

Related news