АТГ-ын онлайн сургалтад 11 аймгийн эрх бүхий албан тушаалтнууд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-08 11:15:25

Авлигатай тэмцэх газраас ХАСХОМ, ХАСУМ, бусад мэдэгдэл тайланг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан онлайн сургалтыг Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгууллаа.

УИХ болон орон нутгийн сонгуультай холбоотойгоор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэг болон бусад мэдэгдэл тайланг хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь өөрчлөгдсөн бөгөөд мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем 2017.01.01-ний өдрөөс шинэчлэгдсэнтэй холбоотойгоор тус сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.

Уг цахим систем нь өмнөхөөсөө илүү ойлгомжтой, ашиглахад хялбар ХАСХОМ, ХАСУМ-ийг мэдүүлдэг үүрэг бүхий албан хаагчдыг мэдээллээ дутуу бөглөх, түүнээс шалтгаалан гарах үр дагавраас урьчилан сэргийлж, автоматаар дутуу мэдээллүүдийг илрүүлэх зэрэг шинэчлэлүүд хийгдсэнээрээ давуу талтай болжээ.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү сургалтанд 11 аймгийн эрх бүхий албан тушаалтнууд онлайнаар хамрагдаж, сонирхсон асуултандаа хариулт авч байсан бөгөөд ач холбогдол өндөртэй сургалт боллоо гэж оролцогчид үзэж байлаа.

Цаашдаа АТГ-аас чиглэлийнхээ дагуу онлайнаар олон сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Дашрамд сонирхуулахад Хэнтий аймгийн хэмжээнд Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэх эрх бүхий агентлагуудад нийт 299 хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч байдаг юм байна.

Д.Одонтунгалаг

Related news