“Малчиддаа туслах халуун сэтгэлийн тус” уриалга амжилттай хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нийт албан байгууллага, ААН, ард иргэдийн дунд “Малчиддаа туслах халуун сэтгэлийн тус” уриалга гарган тусламжийн аян өрнүүлсэн нь амжилттай хэрэгжиж байна.
Тус уриалгыг төрийн болон төрийн бус байгууллага, ААН, ард иргэд талархан дэмжиж, зарим байгууллагууд нэгдэн сумдыг хуваарилан авч тусламжийн цувааг өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад хүргэсээр байна.
Тухайлбал, энэ сарын 3,4-ний өдрүүдэд “Дэлхийн Зөн” ОУ-ын байгууллагын “Бор-Өндөр 2” Нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн хамт олон, аймгийн ЗДТГ-тай хамтран хөтөлбөр хэрэгждэг Өмнөдэлгэр, Хурх, Биндэр, Баян-Адрага сумдын нийт зорилтот бүлгийн 80 өрхийн малчдад 11,2 сая төгрөгийн өртөг бүхий малын тэжээл, будааг хүлээлгэн өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, “Дэлхийн Зөн” ОУ-ын байгууллагын “Бор Өндөр 2” НХХ-ийн багийн ахлагч Г.Жаргалбат тэргүүтэй орон нутгийн удирдлагууд оролцсон байна.
Мөн энэ үеэр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, өдгөө Улаанбаатар хотын Багануур дүүрэгт оршин суугч, өндөр настан н.Тунгалагийн чин сэтгэлийн хандив болгон илгээсэн дулаан хувцсыг малчдад хүргүүлэхээр сумын удирдлагуудад гардуулан өгчээ.
Хэнтий аймгийн хувьд энэ жил цас эрт, их хэмжээгээр унасны улмаас нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудын байдалд шилжин малчид, мал бүхий иргэд маань хатуухан өвөлтэй нүүр тулаад байна. Энэ байдлыг харгалзан үзэж, хатуу өвлийг хамтын хүчээр давж, урин хавартай мэнд золгоход нь бодит дэм болох үүднээс аймгийн Засаг дарга ийнхүү уриалга гаргасан аж.
Д.Одонтунгалаг