Хэнтий аймгийн 2016  оны онцлох 16 үйл явдал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-05 11:12:29

Хэнтий аймаг 2016 онд болж өрнөсөн онцлох 16 үйл явдлаа ийнхүү нэрлэж байна.

1.Туршлагатай улс төрч Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдов

УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байсан улс төрийн арвин туршлагатай, эдийн засгийн ухааны Ph доктор Н.Ганбямба Хэнтий аймгийн Засаг даргаар сонгогдлоо.

2.Хан Хэнтий нутгаар овоглогддог УИХ-ын 5 гишүүнтэй боллоо

2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Н.Учрал, Х.Нямбаатар нар ялалт байгуулж, Хэнтийгээр овоглогдсон УИХ-ын 5 гишүүнтэй боллоо.

3. Хэнтийчүүдийн төлөөлөл Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо

УИХ-д гурав дахь удаагаа Хэнтий нутгийн зон олныхоо итгэл хүндлэлийг хүлээн сонгогдсон эрхэм гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар томилогдов.

4.Хамгийн залуу гишүүн Хэнтий аймгаас тодорлоо

МАН-аас үеийн залуусаа манлайлан нэр цэвэр, нүүр бардам итгэл сэтгэлээр УИХ-ын сонгуульд оролцож, намынхаа ялалтанд “онцгой цучил” өргөсөн эрхэм бол Монгол Улсын Их хурлын хамгийн залуу гишүүн гэх тодотголтой Дорждугарын Гантулга юм. Тэрбээр 28 насандаа Хэнтийчүүдийн итгэлийг хүлээж, төр түшилцэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн юм.

5.Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор түүхэндээ анх удаа эмэгтэй хүн томилогдлоо

Гантөмөрийн Хэрлэнчулуун нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул бөгөөд аймгийн Засаг даргын туслах, мэргэжилтэн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн МАН-ын хорооны дэд даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй Хэнтий аймгийн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.

6. Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгээ баталсан анхны аймаг боллоо

Аймгийн ИТХ-аас "Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026" бодлогын баримт бичиг боловсруулан баталж, Монгол улсын хэмжээнд урт хугацааны Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгээ баталсан анхны аймаг боллоо.

7. Хэнтий нутгаас тодорсон гэгээнтнээ сэнтийд нь залж, Бат-Оршил өргөх ёслол зохион байгууллаа

Халхын IX богд Жавзандамбын тодруулсан Жонангийн ёсны 14 их хамбын нэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Жонан Ханчэн” гэгээнийг сэнтийд нь залж, Бат-оршил өргөх ёслолыг 5000 гаруй сүсэгтэн олныг хамруулан зохион байгууллаа.

8.“Монгол хатад”  наадам анх удаа Хэнтий аймагт зохион байгуулагдав

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг Дуурлиг нарсны дэнж дээр  Монгол төрийн үе үеийн түүхийг бүтээлцсэн их хатдад зориулсан “Монгол хатад”  наадмыг анх удаа зохион байгууллаа.

9.Хан хэнтий чуулгын бүжигчид улсын уралдаанд гранпри шагнал хүртлээ

МУСТА Д.Цогт-Эрдэнэ багштай бүжиг ангийн хамт олон 2016 онд амжилт бүтээл дүүрэн байсны илрэл нь Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын уралдаанд “УРАН ХИЙЦ” бүжгээрээ ГРАНПРИ шагналыг хүртсэн явдал юм.

10.Хэнтий аймгаас “Улсын тэргүүний цэцэрлэг” тодорлоо

Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн сумын 4-р цэцэрлэг 30 жилийн түүхт ойн босгон дээрээ “Улсын тэргүүний цэцэрлэг” болж, шагналаа гардан авлаа.

11.Галшарын адууг үүлдэр болгон баталгаажууллаа

Халх даяар алдартай хардэл жанжин бэйс өвгөн ноёны угшлын “Галшар” омгийн адууг үүлдэр болгож албан ёсоор гэрчилгээ олгов. Улсын хэмжээнд анх удаа адуун сүрэгт гэрчилгээ олгосон нь энэ бөгөөд ХХААЯ-ны сайдын зөвлөлийн 2016.06.02-ны өдрийн хуралдаанаар энэхүү шийдвэр гарсан юм.

12. Геннисийн амжилт тогтоох 108 метр эсгий аравчийг бүтээлээ

Монголын нууц товчоог 108 мeтр эсгий дээр зээгт болон ширмэлээр оёж, Гeннисийн номд 3 төрлөөр бүртгэгдэхээр болсон үйл анх 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингис хотоос эхэлж, 2016 оны турш үргэлжлэн Монгол орон даяар 12 аймгийн 2000 гаруй үйлчид оролцож, учиг шингээгээд байна. Тус бүтээлийг Өмнөдэлгэр сумын харьяат “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа санаачлан, түүний хань Д.Нэргүй зураачаар нь ажиллаж байгаа юм.

13.18 давхар “Чингис цамхаг” ашиглалтад орлоо

Хэнтий аймагт төдийгүй зүүн бүсийн хэмжээнд хамгийн өндөр буюу 17 давхар орон сууц үйлчилгээний зориулалт бүхий барилга баригдаж, ашиглалтад орлоо.

14.Дадал сумын ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжлээ

Дадал сумын иргэдийн удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу ЕБС-ийг 12 жилийн сургалттай болгосноор тус сумын төдийгүй ойролцоо сумдын сурагчид Дадал суманд бүрэн дунд боловсрол эзэмших нөхцөл бололцоо бүрдлээ.

15.“Монгол, хятадын хэвлэл мэдээллийн VII форум” Чингис хотноо боллоо

Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Энэ хүрээнд “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” 2016 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Чингис хотноо анх удаа зохион байгуулагдаж, хоёр талын 90 гаруй төлөөлөгчид оролцлоо.

16. Шинэ оны босгон дээр “Шинэ Өндөрхаан” хорооллоо хүлээж авлаа

Монгол улсын Засгийн газрын “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Чингис хотод Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Шинэ Өндөрхаан” хорооллын 120 айлын орон сууц оршин суугчдаа хүлээж авахад бэлэн боллоо. Тус орон сууцны хороололд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууцны үйлчилгээнд орох хүсэлтэй иргэдийг хамруулж байгаагаараа онцлог юм.

Д.Одонтунгалаг
 

 

 

Related news