Элэгний B С вирустэй иргэд аймгийн хүн амын 10 хувийг эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВМонгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн монгол” бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 он гэхэд элэгний өвчтэй иргэдийн тоог 50 хувиар бууруулах цаашлаад элэгний С вирустэй иргэнгүй болох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 18-ны өдөр “Элэг бүтэн Төв аймагчууд” уриан дор элэгний вирус бууруулах бодлогыг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.
Төв аймаг 90 гаруй мянган хүн амтай үүнээс 14 мянган хүн элэгний B С вирусийн халдвараар оношлогдсон бөгөөд энэ нь нийт хүн амын 10 хувь эзэлж байна. Өнөөдрийн байдлаар эмчийн хяналтад элэгний B, C вирустэй 60 хүн хамрагдан эмчлүүлж байгаа аж.
“Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийн нээлтэд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл болон “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар нар оролцлоо.
Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт “Элэгний эмчилгээний зөвлөх төв”-ийг шинээр нээсэн юм. Мөн элэгний өвчлөлийн үед хэрэглэх эм бэлдмэлүүдийг эмийн сангуудаар дамжуулан даатгалд хамрагдсан иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар болсон бөгөөд элэгний вирусийг эрчимтэй буруулахад чухал нөлөөтэй гэдгийг “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар хэллээ.
Т.Есүхэйтөмөр