Чингис хотын мал бүхий иргэдийг зайдуу нүүлгэхийг шаардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн төв Хэрлэн сум буюу Чингис хотын ард иргэдээс шинэ удирдлагуудад сумын хот тохижилт, өнгө үзэмж, ногоон байгууламжид сөргөөр нөлөөлөхүйц мал, тэжээвэр амьтан бүхий иргэд хотын төвд нэлээд амьдарч байгааг нэг тийш нь шийдвэрлэхийг хүссэн санал хүсэлтүүдийг цөөнгүй ирүүлжээ.
Энэ дагуу Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Өндөрхаан ОНТӨҮГ-ын дарга Г.Баатар, Хэрлэн сумын байгаль орчны улсын байцаагч н.Буянбат нар Чингис хотын нийтээр дагаж мөрдөх нийтлэг журмын 8 дугаар заалт буюу “Мал бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Чингис хотын нутаг дэвсгэрт мал, тэжээвэр амьтан байлгахыг хориглоно” гэсэн журмын хэрэгжилтийг хангуулахын тулд мал болон тэжээвэр амьтан бүхий иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Хэрлэн сумын хэмжээнд нэгдүгээр багт 7 өрхийн 90 толгой мал, 1 өрхийн 65 толгой мал, дөрөвдүгээр багт 5 өрхийн 83 толгой мал, тавдугаар багт 22 өрхийн 489 толгой мал буюу нийт 727 толгой мал, үүнээс 428 нь үхэр байна гэсэн дүн мэдээ гарчээ. Эдгээр үхэр хотын төвд энэ тэрүүгээр явснаас үүдэн мал эмнэлгийн аюулгүй байдал талаас, хотын соёлжилт ногоон байгууламжинд хүндрэл учруулах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм.
Мөн Чингис хотод 22 өрхийн 176 толгой гахай байгаа аж. Гахай хөрсийг маш их гэмтээж, зун, хавар, намартаа тарьдаг мод, цэцэгсийг сэндийчиж байна гэсэн гомдол иргэдээс олон иржээ. Сүүлийн үед орон байрны гадаа тавьсан хогийн савыг эвдэж, хогийг тарааж байна гэсэн гомдлууд Хэрлэн сумын “Иргэдээ сонсъё-70564111” шууд утсанд ирэх болсон байна. Үүнтэй холбогдуулж мал, тэжээвэр амьтан бүхий иргэдэд өнөөдрийн байгаа бодит байдлын талаар Хэрлэн сумын байгаль орчны улсын байцаагч н.Буянбат танилцууллаа. Мөн ОНТӨҮГ-ын дарга Г.Баатар “Бид бүхний хавар хүч хөдөлмөр зарцуулж бий болгосон ногоон байгууламжийг эргээд харахад үхэр, гахай сүйтгэчихсэн, хийсэн хашаа хороог эвдэлчихсэн байдаг нь харамсалтай. Саяхан 11 сарын сүүлээр их хэмжээний цас орж, хальтиргаа ихтэй уулзварууд дээр цас хайлуулагч бодис цацсан. Гэтэл давс асгасан газар баахан үхэр ирээд шавчихсан, зам дээгүүр зорчиж байсан тээврийн хэрэгсэлд саад учруулж байсан гэх мэт бэрхшээлүүд гарч байна. Тиймээс иргэнийхээ үүргийг биелүүлж, хотын нийтээр дагаж мөрдөх журманд заасны дагуу малаа хариулгатай байлгах, болж өгвөл малаа 5 км-ын бүсээс гадагшаа гаргавал хотын маань ногоон байгууламж хийгээд бид бүхний ажилд нэмэр болох юм” хэмээн учирлалаа.
Уулзалтаар мал болон тэжээвэр амьтан бүхий иргэдэд журмыг сайтар танилцуулж, ирэх 2017 оны 5 дугаар сарын 15 гэхэд дээрх асуудлыг нэг тийш нь шийдэхээр хэлэлцэж тохиролцлоо.
Д.Одонтунгалаг