Увсын Баруунтуруунд өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-20 12:51:30

Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй болжээ.

Урд жилүүдээс илүүтэй их цас унаснаас үүдэн Өндөрхангай, Цагаанхайрхан чиглэлийн зам хаагдсан тул Улаанбаатар, Зүүнхангай, Улаангомын чиглэлийн замаар дамжин дээрх сумд руу явах болсон байна. Үүнээс гадна тус сумын өвс тэжээлийн нөөцөд ямар ч өвс тэжээл байхгүй байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт болсон мал тооллогын үеэр сумын удирдлагууд бүх малчдаараа явж нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. Хэдийгээр тус сумын хувьд малын тоо толгой бага ч цаашид цас их орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй, ялангуяа Хар цагаан усны чиглэлд өвөлжиж байгаа малчид нэлээд хүндрэлтэй байгаа аж. Эрсдэлтэй бүсэд 144 өрхийн 590-ээд хүн ам, 44 мянга гаруй мал сүрэг байгаа бөгөөд цасны зузаан 25 см, хунгарласан газраа 45 см хүрчээ.

Сумын Онцгой комиссоос аймгийн Онцгой комисст хандаж бензин шатахууны болон өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал тавиад байна.

Б.Батхүү

Related news